Энэ онд Улаанбаатар хотод 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
5 цагийн өмнө
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх бөгөөд 50 төсөл, арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм байна.
Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяа "Нийслэлийн боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 145 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас нийслэлийн төсвийн хөрөнгөөр 50 төсөл хэрэгжиж байгаа юм.
Хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод хоёр сургууль, гурван цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолборын барилгыг хүлээж авлаа.
Энэ онд нийслэлд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Өнгөрсөн онд төрийн өмчит сургууль, цэцэрлэггүй орон сууцны хотхон, хороололд газар чөлөөлөлтийг зохион байгуулсан юм. Үүний хүрээнд Алтай хотхон, Кинг тауэр, Маршал таунд сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгаж баталсан.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 960 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай сургуулийн барилгыг барих компани шалгарч, ажлын явц 20%-тай байгаа бол 18 дугаар хороонд 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдана.
Сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна" гэж мэдээллээ.
Статистик:
Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургуульд 797,905 суралцагч суралцаж байгаагийн 379,647 буюу 47.6 хувь нь бага ангид / I-V/, 273,943 буюу 34.3 хувь нь дунд ангид /VII-IX/, 144,315 буюу 18 хувь нь /X-XII/ ангид тус тус суралцаж байгаа бол 1407 цэцэрлэгт 9,226 бүлгийн 264,818 хүүхэд суралцаж байна.
Зочин · 5 цагийн өмнө
TSAGR VANAGN SEKSDEX80955877