Иргэн, аж ахуйн нэгж өөрийн газар дээрээ барилга, байшин барихдаа зөвшөөрөл авдаггүй болгох зохицуулалтыг хийх тухай хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Дорж гэдэг хүн өөрийн эзэмшлийн газар дээр байшин барих гэж Төгсдэлгэр архитектороос архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэж байна. Энэ байдлыг больё.

Барилгын тухай хууль, стандартыг бүхэлд нь өөрчилье. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг батлуулсны дараа хэсэгчилсэн төлөвлөгөөнд аль дүүрэг, аль хороололд хэдэн давхар, ямар хийц загварын барилга, байшин барих тухай тодорхой зааж, нэгдсэн байдлаар төлөвлөж өгнө. Ингэснээр Дорж гэдэг хүн барилга барих зөвшөөрөл авахгүйгээр интернэтээс төлөвлөлтийг хараад барилгын зураг төслөө өөрөө бэлддэг болох стандартад шилжинэ. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог байдлыг ч болимоор байна" гэв.

Барилга, байгууламжийн ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад 16 төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байна.