Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах мега төслүүдийн хүрээнд Улаанбаатар метро, трамвай, Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр зэрэг төслийг 2025 онд хэрэгжүүлж байна.

Тухайлбал, дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ. Эхний ээлжид тус төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн аваад байна. Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг дөрөвдүгээр сард хүлээн авна. Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхэлнэ.

Зургийн тайлбар: Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төслийн зогсоолын зураг

Дүүжин замын тээвэр нэвтрүүлэх зорилгоор Европын Холбооны Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулан батлуулсан. Төслийн хүрээнд хамрагдах газар, талбайг чөлөөлж, ашиглах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлээд байна. Яармаг, Арцат дахь нэг га талбайд 98 кабины гарааш, засвар үйлчилгээний цех болон авто зогсоол байгуулах юм.

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөөд байна.

Шугам II: Яармаг, Арцат-Өнөр хороолол

Трассын урт: 4.2 км

Буудал: 2

Тээвэрлэх хурд: 22 км/цаг

Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут

Хүчин чадал: 2320 зорчигч,

Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай

Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг