Улаанбаатар хот дундуур анх удаагаа хурдны замтай болох шийдэлд хүрч, ТЭЗҮ-ийг боловсруулан тендерийг зарлаад буй. Тодруулбал Туул гол дагуу хурдны зам барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өнөөдөр нээхээр байсан ч дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулжээ.

Эх сурвалжаас тодруулснаар Үндэсний урлагийн их театр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ барилгыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Их тэнгэр, Бага тэнгэрийн амны орчимд барихаар байршлыг өчигдөр/2025.03.13/тогтоосонтой холбогдуулан Туулын хурдны замын ТЭЗҮ-д орц, гарцын өөрчлөлт оруулахаар болжээ. Иймээс уг тендерийг нээх хугацааг хойшлуулсан байна.

Үндэсний урлагийн их театрыг шинэ барилгатай болгосноор Драмын театрын барилгыг буулгахгүй. Хүүхэлдэйн театр болон Драмын театр нь хуучин байрандаа үйл ажиллагаагаа явуулах юм байна.

"Туулын хурдны зам зургаан эгнээтэй, 18.6 км нь далангаар, 12.8 км нь гүүрэн байгууламжаар явах юм. Гүүрэн байгууламжаар явахдаа Туул гол дээгүүр тавигдсан Их Монгол, Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүрээр явахаар төлөвлөсөн. Энэхүү зам дээр Улаанбаатар хотын нэгдүгээр тойрог хурдны зам ирж холбогдоно. 

Уг зам нь Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэл үргэлжилж, гэрлэн дохиогоор зохицуулагдахгүй. 

2027 оны дөрөвдүгээр сард хүлээн авахаар тендер зарласан" гэж хотын дарга мэдээлж байсан юм.

ТЭЗҮ-д туссанаар уг замыг барих зардал нь 1.9 их наяд төгрөг байна.