Сайн дураараа НДШ төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлжээ
4 цагийн өмнө
Нийгмийн даатгалын байгууллага нь 1,161,300 гаруй албан журмын даатгуулагч, 171,300 гаруй сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн зүгээс “Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж байна.
Иймд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас сайн дурын даатгалд хамрагдан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг Арилжааны бүх банканд хандан уламжиллаа.