Дөрөвдүгээр сарын 23-наас иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно
өчигдѳр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан 4 дүгээр сарын 23-наас 6 дугаар сарын 23-ныг дуустал иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм байна. Шилжих иргэд үүнээс өмнө иргэний бүртгэлээс хасуулах, нэмүүлэх шаардлагатай.
Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
Энэ оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 2 аймгийн ИТХ-ын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.