200 тэрбумын түлш, 6.5 тэрбум төгрөгийн өртөгтэй угаарын хий мэдрэгчтэй ч "иргэд угаартсан хэвээр байна"
2 цагийн өмнө

Нийслэлчүүд бид угаартсан, угаартаж амиа алдлаа гэдэг үгэнд бүүр дөжирчихжээ. Байх ёстой болох зүйл болж буй мэт л байдаг болжээ. Цөөхөн монголчууд гэдэг мөртлөө угаартаж амиа алдсан иргэдээ тоолж мэдээлдэг болоод удаж буй.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ны өдөр 81 иргэн угаарын хийн хордлогоор эмнэлгийн тусламж авч, гурван иргэн харамсалтайгаар амиа алдсан. Мөн есдүгээр сарын 25-нд дахиад хоёр иргэн угаарын хийн хордлогын улмаас нас барж, угаартаж, хордсон 38 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүнээс л харахад, ердөө хоёрхон хоногийн дотор 119 хүн угаартаж, 5 хүн нас барчихсан байхад төр бүү хэл иргэд ч тоохоо больжээ.
2025 оны есдүгээр сарын 15-наас өмнө айлууд шахмал түлш хэрэглэж байсан бол аравдугаар сарын 10-наас БНХАУ-ын хагас кокс түлшийг түлж эхэлсэн бөгөөд долоо хоногт долоон шуудай түлш хэрэглээндээ авдаг.
БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас манай улс 306 мянган тонн хагас коксоор хийсэн шахмал түлшийг худалдаж авсан. Хятадаас энэ хэмжээний нүүрсийг 200 тэрбум орчим төгрөгөөр авч байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн удаатай. Үүн дээр савлагааны зардал нэмэгдэнэ. Тодруулбал, 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдаж авсан нүүрсээ энд савлаад хэрэглээнд нэвтрүүлж буй.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнээс халж, хагас коксон нүүрс хэрэглэх болсны учир нь агаарын чанар. Хагас коксон шахмал түлш нь түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмийн өндөр температурт боловсруулж, хорт бодисыг шүүснээр бий болдог. Тиймээс агаарын чанар 40-50 хувь сайжирна хэмээн холбогдох албаны хүмүүс нь мэдээлсэн байдаг.
Тоон баримт сөхвөл, 2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас баржээ. Харин 2024 оны эхний есөн сард 1579 иргэн угаарын хийн хордлогод өртөж, 31 иргэн амиа алдсан байна. 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан байгаа юм. 2025 оны арванхоёрдугаар сарын 23-наас энэ оны нэгдүгээр сарын 05-ны нийт 14 хоногийн дотор 119 угаартсан тохиолдол бүртгэгджээ.

Түлшээ сольж үзсэн ч хүн угаартсан хэвээр л байна. Эхэн үедээ иргэдээ галаа буруу түлж буйгаас болж угаартах болсон гэж зандарсан. Сүүлдээ угаарын хий мэдрэгчээ асуухгүй байна гэж иргэдийг л буруутгасан. Гэтэл өнөөх нь ажиллахгүй тохиолдол нэлээдгүй гарсан байдаг.

Угаарын хий мэдрэгчид 2025 оны төсөвт 6.5 тэрбум зарцуулахаар төсөвлөж үүнийгээ ч зарцуулсан. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зунжингаа гэр хорооллын 110 гаруй мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбосон. Одоо 30 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбох ажлыг ид хийж байна. Нийслэлийн төсвийн тодотголыг баталж, нийт 6.5 төгрөгийг үлдсэн 45 мянган айлаа ухаалаг угаар мэдрэгчтэй болгохоор төсвөө баталлаа. Ингэснээр бид нүүрс түлж байгаа бүх айл өрхийг ухаалаг угаар мэдрэгчтэй болгож, нэгдсэн нэг системээр хянаж эхэлнэ. Замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар хянаж байгаа шиг үүнтэй адил нүүрс түлж байгаа 172 мянган айлын угаар мэдрэгчийг хянана. Угаарын мэдээлэл ирэнгүүт 5-7 минут дотор шуурхай хариу арга хэмжээний баг шууд очно гэсэн үг. Нийслэл дээр Шуурхай штаб дээрээ байгуулаад, хяналт тавьж ажиллана. Тэнд бүх арга хэмжээгээ хянана” хэмээн ярьсан.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 онд мөн л айл өрхүүдэд угаар мэдрэгч үнэгүй тарааж байсан билээ. Гэсэн ч хүмүүс угаартаж, хордлогод орж, амь насаа алдсаар л байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, өнөө өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр 50 настай эмэгтэй хоёр охинтойгоо угаартаж, ухаангүй байхад нь олж, амийг нь аварсан хоёр цагдаад талархсан мэдээ цацагдав.
Тодруулбал, 50 настай эмэгтэй иргэн Э нь 16 болон 26 настай хоёр охины хамт угаартсан, ухаангүй байдалтай олдсныг цагдаагийн алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээлгэн өгснөөр гэр бүлийн гурван хүний амийг аварчээ. Өөрөөр хэлбэл, иргэд иргэдээ л аварч байна даа. Түүнээс түлшээ солиод ч, өчнөөн өртөгтэй угаарын хий мэдрэгч тавиад ч амьд үлдэх баталгаа алга!!!







