Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛС ТӨР: Эрчим хүчний сайдын суудал ганхаж эхлэв. Учир нь Улаанбаатар хот тоггүй, дулаангүй тасалдаж, догдолсоор энэ долоо хоног шувтарч байна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Бид өглөө сэрэхэд тоггүй, орой харихад бас л тоггүй хотод амьдарч байна. Ирээдүй цаг дээр асуудлыг ярьж, "Хоёр жилийн дараа сайхан болно" гэж худлаа ярьж ирсний бодит үр дүн энэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Гэтэл Монгол Улсад Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа.

Өнөөдрийн эрчим хүчний салбарын нөхцөл байдал бол худлаа ярьж байсны үр дүн юм. Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдаад байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ДЦС III, ДЦС IV-т ээлж дараалсан дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хүртэл хохирсон. Харамсалтай нь хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгасан нэрийн цаана Шадар сайдын ажлын албан дээр түүнээс салаалсан нэгжүүдийг байгуулсан байна. Нэг салбарыг хэд хэдэн сайд өөр өөр асуудлаар хариуцдаг болоод ирэхээр үүсээд байгаа нөхцөл байдал дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон байна. 

Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан ажлын хариуцлага алдсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлэх тухайгаа ийнхүү мэдэгдэж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйгээр парламентын гишүүдэд зөвхөн шаардах эрх л бий.

Ерөнхий сайд өөрөө ажлын хариуцлага тооцох тухай их ярьдаг. Үр дүн шаарддаг. Тэгвэл хамгийн том ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа ямар хариуцлага тооцохыг харья. Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа эргүүлэн татах бүрэн эрхтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

НИЙГЭМ: Олныг цочирдуулсан хэргийг хэрхэн шийдвэрлэхийг иргэд хүлээсэн долоо хоног байлаа. Бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 болон 32 настай эмэгтэйн хэргийн  шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд  хоёр өдөр болов. 

Шүүгчдийн зөвлөлдөөн дуусаж, хэргийн оролцогчдыг шүүх танхимд дуудаж, шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа, 20 настай Ц.Дагвадоржийг гэм буруутайд тооцож бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.  Харин энэ хэрэгт хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж буй шүүхийн шийдвэрээ танилцуулсан юм.

Эл хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

ЭДИЙН ЗАСАГ:  Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 32.6 их наяд төгрөгт хүрлээ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.8 хувь буюу 1.2 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.3 хувь буюу 386.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Харин зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Татварын орлого 2025 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 хувь буюу 331.5 тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татварын орлого 4.8 хувь буюу 431.5 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 33.6 хувь буюу 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын орлого 18.9 хувь буюу 892.3 тэрбум, НӨАТ 6.1 хувь буюу 357.6 тэрбум, хөрөнгийн албан татвар 32.3 хувь буюу 148.3 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 3.2 хувь буюу 57 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Өнгөрсөн онд татварын орлогын 31.5 хувийг орлогын, 23 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.8 хувийг нийгмийн даатгалын, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.5 хувийг онцгой албан татварын, 14.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлжээ

Орлогын албан татварын 66.3 хувийг ААНОАТ, 33.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн байна.Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 хувь буюу 698.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд бараа, үйлчилгээний зардал өмнөх оныхоос 5.3 хувь буюу 510.7 тэрбум, урсгал шилжүүлэг 12.8 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Өнгөрсөн онд нийт зардалд урсгал шилжүүлэг 37.6, бараа үйлчилгээний зардал 32.2, хөрөнгийн зардал 22.7, хүүгийн зардал 5, татаас 2.6 хувийг эзэлсэн байна.

Хөрөнгийн зардал өнгөрсөн онд 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 11 хувь буюу 880.3 тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд тоног төхөөрөмжийн зардал өмнөх оныхоос 26 хувь буюу 208.9 тэрбум, барилга байгууламжийн зардал 3.2 хувь буюу 171 тэрбум, хөрөнгийн бусад зардал 37.8 хувь буюу 561.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин их засварын зардал 67.5 (21.4%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Орон нутгийн төсвийн орлого өнгөрсөн онд 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 7.2 хувь буюу 516.1 тэрбум, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 12.5 хувь буюу 905.5 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Орон нутгийн төсөв 526.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

СПОРТ: “Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

Монгол залуучуудын санаачлан зохион байгуулдаг “Power Expo & Festival” Азийн автомотив салбарын нэр хүндтэй “Asia Automotive Award 2025”-аас “Motorsport Event Excellence Award” буюу “Азид үнэлэгдсэн авто-мото спортын шилдэг арга хэмжээ” шагналыг хүртэж, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эвент боллоо.

Тус шагналыг Тайландын Бангкок хотноо өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулагдсан “Asia Automotive Award”-ын үеэр гардуулсан бөгөөд ийнхүү Монгол эвент Азийн шилдгээр үнэлэгджээ.

“Asia Automotive Award” нь:

  • Автомашин, мотоспорт, авто технологи
  • Үйлдвэрлэл, инновац
  • Салбарын эвент, маркетинг, брэндинг зэрэг чиглэлээр Азийн бүс нутгийн шилдгүүдийг шалгаруулдаг олон улсын шагнал гардуулах ёслол юм.

“Power Expo & Festival” нь экстрим, экспо, энтертайментыг нэг дор уялдуулсан цогц арга хэмжээ бөгөөд олон улсын чанартай тэмцээн, уралдааныг зохион байгуулж, бизнес болон соёлын уялдааг хослуулсан шинэлэг шийдлээрээ орон орны шүүгчдийн анхаарлыг татсан байна. Сүүлийн жилүүдэд олон улсын чадвар чансаатай тамирчид зорин ирж оролцдог төдийгүй экстрим аялал жуулчлалын салбарт хэдийнээ аялагчдын сонирхолыг татаад эхэлжээ.

Салбарын ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү шагнал нь “Power Expo & Festival”-ийг дотоодын томоохон арга хэмжээний хүрээнээс гарч, Азийн хэмжээнд үнэлэгдсэн эвент болсон гэдгийг илтгэж байна. Мөн Монгол Улсаас гаралтай эвент нь бүс нутгийн зах зээлд өрсөлдөх боломжтойг харуулсан бодит жишээ хэмээн үнэлжээ.

“Power Expo & Festival” цаашид олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Азийн зах зээлд чиглэсэн эвент платформын байр сууриа бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

СОЁЛ УРЛАГ: Бэлгийн хүчирхийллийн хохирогч Ш-ийг "төрийн хамгаалалтад" авчээ

СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн гэх асуудлаар 34 настай Ш олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлж, улмаар Товч.мн сайтын редакцид ярилцлага өгсөн.

Тодруулбал, Оюутан байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэй хэргийн талаар болон уг хэрэгт холбоотой ангийнхныхаа зургийг сошиалаар дэлгэж, улмаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад буй. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "Шалгаж байгаа" гэдгээс өөр хариулт, тайлбар одоогоор алга.

Харин прокурорын байгууллагаас дараах мэдээллийг өгсөн байдаг.

"Иргэн Н.Ш нь 2020 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” гэдэг гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс хоёр удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж үзэн 2025 оны тавдугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр товч.мн сайтын хүсэлтийн дагуу гэрч, хохирогчийг төрийн хамгаалалтад авах хуулийн дагуу яаралтай хүсэлт өгсөн байдаг. Үүний дагуу тухайн эмэгтэйг хамгаалалтад авчээ. Энэ талаар товч.мн сайт "Хохирогч эмэгтэйг төрийн хамгаалалтад хүлээлгэн өгч байна. Гэрч хохирогчийг хамгаалах байрны сэтгэлзүйч, болон бусад албаны хүмүүс хамтран ажиллаж байна" хэмээн өчигдөр орой мэдээлсэн юм.

Дашрамд дуулгахад, Хохирогч Ш-ийг Хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаа хүлээн авч уулзаж байна. Олон нийтийн зүгээс тавьж буй хүсэлтийн дагуу түүнд тохиолдсон хэрэг дээр хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр нь ажиллахаар боллоо.