Ховд аймгийн Жаргалант суманд менингококкт халдварын улмаас VII сургууль цахимаар хичээллэж байна
2 цагийн өмнө

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд менингококкт /цахилгаан менингит/ халдварт өвчний хоёр тохиолдол батлагдаж, нэг хүүхэд нас барсан талаар холбогдох албаныхан мэдээлсэн.
Уг өвчний анхны тохиолдол 2026 оны гуравдугаар сарын 3-нд зургаан сартай нярайгаас илэрч, эмнэлгийн хяналтад тусгаарлагдсан. Мөн цахилгаан менингитийн халдвар долоон настай хүүхэд авсан гуравдугаар сарын 12-нд амь насаа алджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ болон аймгийн Онцгой комисс хуралдаж сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоов.
Тодруулбал, Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 20-ний өдрийг хүртэл түр хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, бүх төрлийн секц, дугуйланг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарлалт хийжээ.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас менингококкт халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Оюунтунгалаг хэлэхдээ "Ховд аймагт менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан бол эхний тохиолдол болох зургаан сартай нярайн биеийн байдал тогтворжиж, Бүсийн оношилгоо, шинжилгээний төвд /БОШТ/ үргэлжлүүлэн эмчилж байна. Эрүүл мэндийн газраас халдварын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагч, багш, ажилчдыг чих, хамар хоолойн нарийвчилсан үзлэгт хамруулж эхэлсэн.
Жаргалант сумын VII сургууль дээр БОШТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар болон Өрхийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа, үзлэг шинжилгээг шуурхай зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд зургаан ерөнхий боловсролын сургууль болон Политехник коллежийн нийт 3,312 сурагчийг хамар, хоолойн нарийвчилсан үзлэгт хамруулаад байна.
Үзлэгийн явцад хамар, хоолойн үрэвсэлтэй гэж оношлогдсон 65 хүүхдээс сорьц авч шинжлэхэд менингококкт халдварын нян илрээгүй.
Халдварын ойрын хавьтагчдыг бүрэн тусгаарлаж, химийн сэргийлэлт болон дархлаажуулалтад хамруулсан бөгөөд тэдгээр иргэдээс авсан сорьцын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Түүнчлэн, халдвар тархахаас сэргийлж бусад сумдын эрүүл мэндийн ажилчдыг сургалтад хамруулж, сургууль болон цэцэрлэгийн хүүхэд багачуудыг үзлэгт хамруулах ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 4,187 сурагч үзлэг шинжилгээнд хамрагдаад байна" гэлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын хэд хэдэн тохиолдол батлагджээ. Тухайлбал, Улаанбаатар хотод хоёр, Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг тохиолдол тус тус илэрч, эмнэлгийн хяналтад ороод байгаа аж. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд тусах боломжой халдвар юм.
Ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин тул шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандахыг холбогдох албанаас зөвлөж байна.







