ТОЙМ МЭДЭЭ
2 цагийн өмнө

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛСТӨР: Хаврын улстөр ч халуухан буцалж долоо хоногийн төгсөлд Ерөнхий сайд ажлаа өгөх өргөдлөө өгч нэлээдгүй шуугиан дэгдээлээ. Улс төрчдийн дунд дараагийн Ерөнхий сайдын суудалд хэн тухлах вэ гэсэн асуулт хариултаа ирэн олон таамагийг дэвшүүлж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлд огцрох өргөдлөө өгч, Удирдах зөвлөлөөс дэмжсэн билээ. Г.Занданшатар 2025 оны 6-р сарын 13-ны өдрөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллаж буй бөгөөд есөн сарын дараа чөлөөлөгдөв.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжлээ. Чуулганы хуралдаанд 73 гишүүн оролцож, 74.0% саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар есөн сар ажилласан Г.Занданшатар өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дотроо эвтэй байж, нэгдсэн нэг бодлоготой байх нь эрхэм үүрэг” гэсэн юм.
Ташрамд сануулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ардчилсан намын бүлэг оролцоогүй бойкоттолсон юм. Харин маргааш МАН-ын бага хурал болж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
НИЙГЭМ: Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан "онцлох" заалтууд
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, "Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хуулийн төслийг 2025 оны 11 дүгээр сард ХЗДХЯ-наас УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ.
Гэр бүлийн хөгжлийг дараах чиглэлээр дэмжихээр тус хуулийн төсөлд тусгасан. Үүнд:
- Орон сууцны дэмжлэг (7 дугаар зүйл) - Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлнэ.
- Орон сууцны дэмжлэг (7 дугаар зүйл) - Хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл орон сууцны төлбөрийн 5 хувьд хүрсэн бол урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана.
- Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт (8 дугаар зүйл) - 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрлэгчдийн аль нэгний, эсвэл 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг татвараас бүрэн чөлөөлнө.
- Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт (8 дугаар зүйл) - 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа борлуулбал төлсөн татварыг нь нэг удаа буцаан олгоно.
- Ажил, амьдралын тэнцвэрийг хангах (9 дүгээр зүйл) - Сургуулийн өмнөх болон бага боловсролын хүүхэдтэй ажилтны ажлын цагийг цалинг нь хасахгүйгээр 2 хүртэлх цагаар богиносгож болно.
- Ажил, амьдралын тэнцвэрийг хангах (9 дүгээр зүйл) - Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн асарч буй ажилтан жилд 3 сар хүртэлх хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ ажиллах боломж бүрдэнэ.
ЭДИЙН ЗАСАГ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна
Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өсжээ.
Тухайлбал, үхрийн ястай мах 26,515 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өмнөх 7 хоногоос (26,285) 0.9 хувиар өсжээ. Харин нэг килограмм үхрийн цул мах 30,417 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногт үхрийн цул мах 30,179 төгрөгийн үнэтэй байсан бол энэ 7 хоногт 200 төгрөгөөр үнэ өсжээ.
Ийнхүү долоо, долоо хоногоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа цаг үед шатахууны үнэ нэмэгдэх тухай яригдаж эхэллээ.
2026 оны нэгдүгээр улиралд буюу эхний хоёр сард 518 мянган тн нефть бүтээгдэхүүн, дизель түлш, АИ-92, 98 зэрэг бензин захиалж авсан. Манай улс гурван сард 181 мянган тн нефть бүтээгдэхүүн захиалж авчээ. Өнөөдрийн байдлаар буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АИ-92 бензин 90.1 мянган тн буюу 42 хоногийн нөөцтэй байгаа юм. АИ-95 6.4 мянган тн буюу 72 хоногийн нөөцтэй, дизель түлш 116 мянган тн буюу 29 хоногийн, ТС буюу онгоцны түлш 3.9 мянган тн буюу 19 хоногийн ердийн хэрэглээний нөөц үлдэгдэлтэй байна.
Өчигдөр ОХУ-аас дөрөвдүгээр сард авах нефть бүтээгдэхүүний үнийг авсан хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин мэдэгдлээ.
Тэрээр, "АИ-92 тогтворжсон үнээр буюу 705 ам.доллар, Евро-5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллар, АИ-98 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 ам.доллар, евро дизель түлш 1415 ам.доллароор үнийг ирүүлээд байна. АИ-92-оос бусад төрлийн нефть бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан" гэлээ.
СПОРТ: Б.Цэвээндаш 1418 км замыг туулж, эх орондоо ирлээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд гүйж нийт 1418 км замыг туулан эх орондоо ирлээ. Түүний “Сайн үйлсийн хил дамнасан өвлийн хэт холын марафон” нь 34 хоногийн турш үргэлжилж, БНХАУ-ын Тяньжин хотод өндөрлөжээ. Монголын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 55 км бол БНХАУ-ын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 51 км байв.
Монголын нутгаар 16 хоногт нийт 661 км замыг туулсан бол БНХАУ-ын нутгаар 18 хоногт нийт 757 км замыг туулжээ. Хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн сацуу дэлхийн 224 улсад сурталчилсан нь гүйлтийн ач холбогдол оршино. Б.Цэвээндашийн гүйлтийг Монгол улсад давхардсан тоогоор 8 сая гаруй хүн үзсэн бөгөөд гүйлт нь зөвхөн спортын амжилт бус, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байснаараа онцлог юм.
“Tiens” группээс түүнд “Дэлхийн эрүүл мэндийн элч”, “Нэг бүс нэг зам–Хайр ба нийтийн сайн сайхны элч” хэмээх хүндэт шагналуудыг гардуулжээ. Ийнхүү Б.Цэвээндаш олон улсын хэмжээний энэхүү урт зайн гүйлтийг амжилттай гүйцэтгэж, Монголын тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг харууллаа.
СОЁЛ УРЛАГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ
“Дэлхийн адууны өдөр”-ийг Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр долдугаар сарын 11-13-нд зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэхүү тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн ороод байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, “Дэлхийн адууны өдөр” үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой төлөвлөгөө, төсвийг нэгтгэн, зохион байгуулах ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.







Зочин · 1 цагийн өмнө
DYRTAI TOMSGN XELEEREE EZEMDMEER TAWITAL GOE LAW DOLOOMR80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB VANAG XOXN BOOW XELEERE XUSNEER YDAAN DOLOON80955877ANUSDI