Танилц: Төрийн өмчийн орон сууцыг хөлслүүлэх, өмчлүүлэх шинэ журам
11 минутын өмнө

Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ыг баталж, 2026 оны гуравдугаар сарын 11-нээс мөрдөж эхэлжээ.
Уг журам нь төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
Журамд зааснаар орон сууц зайлшгүй шаардлагатай иргэдийг цахимаар бүртгэж, сул орон сууц гарсан тухай бүр сонгон шалгаруулалт зохион байгуулах аж. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах зохицуулалт тусгажээ. Түүнчлэн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгээр орон сууц хөлслөх иргэн нь сар бүр түрээсийн төлбөрөөс гадна урьдчилгаа бүрдүүлэх нэмэлт төлбөр төлөхөөр журамласан байна.
Урьдчилгаа төлбөрийг тав хүртэл жилийн хугацаанд сар бүр хэсэгчлэн хуримтлуулах бөгөөд энэ нь орон сууцны нийт үнийн 30 хувиас доошгүй байх шаардлагатай юм. Тухайлбал, 120 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр авсан тохиолдолд иргэн таван жилийн хугацаанд 36 сая төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх ёстой. Үүн дээр сар бүрийн түрээсийн төлбөр нэмэгдэж төлөгдөнө. Харин урьдчилгаа төлбөр бүрэн бүрдсэний дараа үлдэгдэл 70 хувийн төлбөрийг бэлнээр, банкны болон ипотекийн зээлээр нэг жилийн дотор шийдэх нөхцөлтэй аж.
Энэ хугацаанд иргэн орон сууцны түрээсийн төлбөрөө үргэлжлүүлэн төлөх юм байна. Орон сууцны нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа гэрээг дуусгавар болгож, тухайн орон сууцыг иргэний өмчлөлд шилжүүлэхээр журамд тусгажээ. Харин түрээс болон урьдчилгаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах боломжтой аж. “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-тай бүрэн эхээр нь ЭНДЭЭС танилцана уу.






