Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Улсын хэмжээнд 2025 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 16 093 их эмч, 15 099 сувилагч ажиллаж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214, нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна.

Дашрамд дуулгахад, жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр” тохиодог бөгөөд энэ өдөр бол “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” сувилагч, сурган хүмүүжүүлэгч Флоренс Найтингейлын төрсөн өдөр юм. Флоренс Найтингейл 1853-1856 онд үргэлжилсэн Крымийн дайны үед шархадсан цэргүүдэд тусламж үзүүлж, сувилагчаар ажиллаж байхдаа цэргүүдийн нас баралтын шалтгааныг нарийвчлан бүртгэж "Сарнайн диаграмм" хэмээх инфографик бэлтгэжээ.

Энэхүү инфографикт цэргүүдийн олонх нь эмнэлгийн тааруу нөхцөл, ариун цэврийн асуудлын улмаас нас барж байгааг харуулсан байна. Түүний бэлтгэсэн инфографик мэдээлэл нь тухайн үеийн эрх баригчдын бодлого, шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж, олон хүний амь эрсдэх аюулаас аварч чадсан түүхтэй.

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ