Эрчим хүчний салбарын Үйлдвэрчний эвлэлээс урьдчилж анхааруулсны дагуу энэ сарын 30-ны өглөөний 08:00 цагаас эхлэн улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

Тус салбарын ажил хаялтын Түр хороо энэ сарын 27-ны өдөр хуралдаж, ажил хаялтыг зохион байгуулах ерөнхий төлөвлөгөөгөө батлан, гишүүн хорооддоо хүргүүлжээ. Мөн дараагийн өдөр нь буюу 28-ны өдөр хэлэлцээ хийх төлөөлөгчид уулзаж, ажил хаяхад хүргээд буй гол шалтгаан болох хамтын хэлэлцээрийн III бүлэг (цалин хөлстэй холбоотой заалтууд)-ийн 12 саналын зөрүүг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг хэлэлцжээ.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр буулт хийхэд бэлэн байгаагаа дурдсан ч салбарын сайдтай нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа аж.

  • Үйлдвэрчний эвлэлийн байр суурь: Ажил хаялт эхлэхээс өмнө цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хоёр хувааж олгох зэрэг уян хатан саналуудыг хүлээн авах боломжтой гэв. Хэрэв нааштай хариу өгөхгүй бол ажил хаялтаа шууд эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
  • Салбарын сайдын тайлбар: Эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан хариуцдаг. Нөгөөтэйгүүр, эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэхээс гадна тус салбарын үйлдвэрлэлийн өртгийг бууруулж байж ажиллагсдын цалин хөлсийг бодитоор нэмэх санхүүгийн боломж бүрдэнэ гэсэн тайлбарыг өгч байна.

Талууд хэлэлцээрийн ширээний ард суусан ч цалингийн нэмэгдлийн асуудлаар эцсийн нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй тул ҮЭ-ийн зүгээс хугацаа заасан шаардлагынхаа дагуу маргааш өглөө ажил хаялтаа албан ёсоор эхлүүлэхээр шийджээ.