Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ сарын 26-ны өдөр Улсын ерөн­хий прокурорын газар, Эрүүл мэндийн яам, ШШГЕГ-ын газрын удирдлагуудад хүсэлт илгээсэн.

Н.Энхбаяр уг хүсэлтдээ “Мэргэжлийн эмч нар гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт  гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн байна. Тэр­бээр мөн Мэргэжлийн эмч нарын комисс удаа дараагийн дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Үүнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуу­лийн дагуу ялаас чөлөөлөх асууд­лыг яаралтай шийдэж өгнө үү гэсэн байна.

Н.Энхбаярын уг хүсэлтээс гадна өнгөрсөн бямба гарагт Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Баясгалан ШШГЕГ-ын харъяа хорих 401 дүгээр ангийн дарга , дэд хурандаа Б.Түвшинтөгсийн нэр дээр албан бичиг хүргүүлж Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгааг дурьдсан байсан. Түүнчлэн гавьяат эмч Г.Жамбалжав, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн их эмч М.Тунгалаг нарын олон эмч Н.Энхбаярыг Монголд эмчлэх боломжгүй, гадаадад шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэдэг. Тухайлбал доктор, профессор Г.Жамбалжав “Н.Энхбаяр даргын биеийн байдал маш муу байгаа. Өлсгөлөн зарласнаас болж дотор эрхтнүүд нь хэвийн ажиллахаа больсон. Онош нь тодорхойгүй байна. Тиймээс яаралтай гадаадад гарч эмчлүүлэх хэрэгтэй” хэмээн өнгөрсөн хугацаанд олон удаа хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байлаа.

Н.Энхбаярын биед үзлэг хийсэн эмч нар түүний өвчнийг “Бодисын солилцооны түгээмэл хүнд хямралын хам шинж болон олон эрхтний архаг дутмагшил дээр үндэслэсэн захын мэдрэлийн алдагдал, нуруу тархины суурь хэсгийг хамарсан цусан хангамжийн хямрал” гэж оношилсон. Манай улсад зарим шинжилгээ, болон эмчилгээг хийх боломжгүй учраас түүнийг яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж байгаа юм.

Энэ мэтчилэн Н.Энхбаяртай холбоотой асуудал үүсэх бүрт эмч нар түүний биеийн байдлын талаар мэдээлэл хийж байсан. Энэ удаа ч мөн давтагдлаа. Эмч хүний хувьд өвчтний эрүүл мэндэд анхаарал хандуулж санаа тавих нь зүйн хэрэг биз. Гэхдээ түүний тухай үргэлж ярьж зөвхөн түүнийг чухалчилж байгаа нь олон нийтэд хардлага төрүүлж байгаа бололтой. Энэ нь ч аргагүй биз. Тухайлбал дээр нэр дурьдсан эмч нар Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад шагнал, одон медаль авч байв. Тиймээс одоо түүнд хариу барьж байна гэх хүн ч байгаа юм. Мөн Клиникийн нэгдсэн II эмнэлгийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Баясгалан уг албан тушаалдаа үлдэхийн тулд Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай тохиролцож уг бичгийг үйлдсэн байж магадгүй хэмээн зарим хэвлэлээр мэдээлж байсан. Өмнө нь Н.Энхбаярыг 401 дүгээр ангиас Клиникийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх тухай  яригдаж байхад Г.Баясгалан “Хоригдол сайд хоёрыг нэг дор эмчлэх нь зохимжгүй” гэж байсан юм. 

Улсдаа нэр хүндтэй олон эмч Н.Энхбаярыг Монголд эмчлэх боломж байхгүй. Гадаадад шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж байгаа боловч хуульд хорих ял шийтгүүлсэн хүнийг гадаадад эмчлэх тухай заалт байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг гадаадад эмчлэх боломж байхгүй. Харин өршөөлийн хууль гарч эсвэл Ерөнхийлөгч уучлал үзүүлэн ялтан ялаас чөлөөлөгдвөл гадны оронд очиж эмчилгээ хийлгэх эрхтэй болох гэнэ.

“Ялаас чөлөөлөх өвчний жаг­саалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын  6.1-т “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн, төв орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэсэн ч Н.Энхбаярыг клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлсэн. Цаашилбал  тэрбээр ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. Хуулийн дагуу ял эдлэхэд саад болохуйц сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилбөл шүүх гурваас доошгүй эмчийн бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтийг үндэслэн, хорих ял эдлүүлэх байгууллагын тодорхойлолтоор хэрэгтнийг ялаас чөлөөлөх боломжтой байдаг аж. Өвчтнийг ялаас чөлөөлөх 17 өвчний нэрсийн жагсаалт байдаг юм байна.  Тиймээс шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тухайн хүний өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарч байвал прокурор шүүхэд шилжүүлдэг гэнэ. Ер нь Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх тухай яриа сүүлийн үед газар авч байна. Тухайлбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнтэй уулзаж цагаатгах боломжийн талаар ярилцсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан юм. Н.Энхбаяр энэ мэтчилэн ялаас чөлөөлөгдөх цаашлаад гадаадад эмчлүүлэх талаар боломжтой бүхнийг хийж байгаа бололтой.

 

Н.Санжаасүрэн