Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сайхан наадав уу. Наадам сайхан болов уу. Хаагуур наадав?
-Сайхан наадлаа. Энэ жил улсын баяр наадамд оролцохын зэрэгцээ аймаг, сумдын наадмаар зочилж, ахмад буурлуудтайгаа золгон, ах дүү, хамаатан садан, нутгийн иргэдтэйгээ уулзлаа. Наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, хүмүүсийн харилцаа холбоог бэхжүүлж, үндэсний уламжлал, төрт ёсны залгамж чанарыг мэдрүүлдэг онцгой баяр гэж боддог. Тиймээс ч Монголын төрт ёсны түүхэнд онцгой ач холбогдолтой ойн баяруудыг Үндэсний их баяр наадамтай хамтатган тэмдэглэх зохицуулалтыг хуульд тусгасан байдаг.
Өнгөрсөн онд батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баярыг албан ёсоор Улсын их баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг болсон. Энэ хуулийн заалтын хэрэгжилтийн талаар иргэдээс нэлээд санал хүсэлт ирдэг. Энэ жил өмнөхөөсөө илүү жигдэрсэн ч зарим арга хэмжээнд Ардчилсан хувьсгалын ойг орхигдуулсан тухай гомдол мэр сэр гарсан.
Ирэх жилээс иргэд улам бүр мэдээлэлтэй болж, элдэв алдаа дутагдал гарахгүй байх. Бид төрт ёсны олон мянган жилийн түүхээ бүхэлд нь харж, түүхэн үйл явдлуудын үнэ цэнийг хүндэтгэн дурсдаг байх нь үндэсний ухамсар, эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж бодож байна.
– Наадмын олон хоногийн амралт таны хувьд ямар санагдаж байна. Иргэдийн хувьд хөдөө гадаа амарч зугаалаад, наадамлаад цаг зав аятай байлаа буй ч бизнес эрхлэгч, зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд олон хоногийн амралт хүндхэн байгааг хэлж байна?
– Олон хоногийн амралтын тухайд хоёр талаас нь харах хэрэгтэй. Иргэдийн хувьд гэр бүлдээ цаг зарцуулж, орон нутагтаа очиж амрах боломж бүрдсэн нь сайн хэрэг. Ажлын стресс, завгүй амьдралын хэмнэлээс түр завсарлага авах нь өөрөө үнэ цэнэтэй. Харин нөгөө талд үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг дунд бизнесүүдийн хувьд удаан хугацааны амралт яах аргагүй зардал, алдагдал дагуулдаг. Бизнес эрхлэгчидтэй уулзахад "Олон хоног амрах нь сайхан боловч түрээсийн төлбөр, зээлийн хүү амрахгүй нь хэцүү юм даа" гэж хэлж байсан.
Амралтын өдрийн тоог нэмэх, хасах нь гол асуудал биш. Харин иргэдийн амрах эрх, бизнесийн хэвийн үйл ажиллагаа, эдийн засгийн бүтээмжийн хооронд зөв тэнцвэрийг олох нь төрийн бодлогын чухал зорилт гэж бодож байна. Тиймээс баяр, амралтын зохицуулалтыг эдийн засагт үзүүлэх нөлөө, хөдөлмөрийн бүтээмж, аялал жуулчлалын өгөөж зэрэгтэй цогцоор нь тооцон шийдэж занших хэрэгтэй болов уу.
– Наадмын дараа намар гэж монголчууд ярьдаг. Их хурлын түвшинд чуулган завсарлачихсан үе. Таны хувьд энэ үед ямар ажилд төвлөрч байна вэ?
– Хаврын ээлжит чуулган завсарласнаар УИХ-ын бүрэн эрхийн хугацаа яг талдаа орлоо. Амралтын өдрүүдэд өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа цэгцэлж, юу хийж чадсан, юуг илүү анхаарах шаардлагатай байгаа талаар эргэцүүлж, дүгнэж суулаа. Чуулган завсарласан ч парламентын ажил зогсдоггүй. Энэ хугацаанд иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр ажиллах, судалгаа, бэлтгэлээ хангахад голлон анхаарч байна. Миний хувьд эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, төрийн оролцоог оновчтой болгох, бизнесийн орчныг сайжруулах, парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ. УИХ-ын бүрэн эрхийн хоёр дахь хагас бол үр дүнгээ гаргах, эхлүүлсэн бодлогуудаа бодит ажил болгоход төвлөрөх үе гэж харж байна. Ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг мөн хийнэ.
– Хаврын чуулганы сүүлээр эдийн засаг, бизнесийн гол хуулиуд батлагдсан. Эдгээр хуулиудын ач холбогдлыг та хэрхэн харж байна?
– Эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хаврын чуулганы төгсгөлд хэд хэдэн чухал хууль батлагдсан нь зөв чиглэлд хийсэн алхам гэж харж байгаа. Гэхдээ хууль батлагдсанаар бүх асуудал шийдэгдчихгүй. Хэрэгжилт нь ямар байх, төрийн байгууллагууд хуучин арга барилаараа ажиллах уу, эсвэл үнэхээр бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх үү гэдэг хамгийн чухал. Юуны өмнө төрд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.
Ардчилсан намын бүлгээс өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал, зарчмууд УИХ-аар нэгтгэн хэлэлцэгдээд батлагдсан хуульд тусаж чадсанд баяртай байгаа. Аль нам, хэн санаачилсан гэхээс илүү зөв санаа хууль болж, иргэд, бизнес эрхлэгчдэд бодит үр өгөөжөө өгөх нь чухал гэж бодож байна.
Гэхдээ энэ бол эхлэл. Бизнес эрхлэгчид өнөөдөр зөвхөн хууль хүсээгүй, харин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бодлого, төрийн дарамт багатай орчин, өмчийн эрхийн баталгаа, шударга өрсөлдөөнийг хүсэж байна. Тиймээс цаашид эдгээр зарчмыг бодит ажил болгоход парламент онцгой анхаарах ёстой.
– Нийгэм, эдийн засгийн амьдрал сайнгүй байна. Үнийн өсөлт, бензин шатахууны асуудал энэ намар нэлээн хүндхэн байдалд орно гэсэн судлаачдын тооцоолол бий. Уг асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?
– Эрх баригчид эдийн засаг өсөж байна гээд макро эдийн засгийн том, том тоо ярьдаг. Гэвч иргэдийн амьдрал дээр тэр өсөлт бараг мэдрэгдэхгүй байна. Энэ хоёрын зөрүү өнөөдрийн хамгийн том асуудал болсон.
Үндэсний статистикийн хорооны хагас жилийн мэдээгээр инфляци 12.4 хувьд хүрсэн байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээр 24.8 хувиар, тэр дундаа махны үнэ 51.6 хувиар өссөн нь айл өрхийн төсөвт хамгийн хүчтэй дарамт болж байна. Сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд төмсний үнэ 15 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн “Бүх юм өдрөөс өдөрт үнэтэй болж байна” гэсэн мэдрэмж статистикаар батлагдаж байна гэсэн үг.
Эхний хагас жилийн байдлаар улсын төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төсвийн сахилга бат алдагдсаны том дохио юм. Орлого өссөн ч зарлага түүнээс илүү хурдтай тэлж байгаа нь инфляцийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Үүн дээр нэмээд мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсчээ. Сангийн бодлого ч тэр, мөнгөний бодлого ч тэр, үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэх бус, харин ч улам нэмэгдүүлэх үр дагавартай байна гэсэн үг.
– Шатахуун болон эрчим хүч, дулаан, усны үнэ ч бас нэмэгдлээ, тийм үү?
– Шатахууны хувьд ч эрсдэл хэвээр байна. Наадмын дараа АИ-92 шатахууны үнэ 250-330 төгрөгөөр нэмэгдэж, мөн наадмын үеэр хомсдол үүссэн. Намрын улиралд эрэлт нэмэгдэх үед нийлүүлэлт, нөөцийн асуудлыг урьдчилан шийдвэрлэхгүй бол үнийн дарамт улам өсөх эрсдэл бий.
Үүгээр зогсохгүй цэвэр, бохир усны тариф 30-40 гаруй хувиар, цахилгаан, дулааны үнэ 5-15 хувиар нэмэгдсэн нь өрх, аж ахуйн нэгжүүдийн зардлыг улам өсгөж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс зөвхөн дэлгүүрт илүү мөнгө төлөөд зогсохгүй, сар бүрийн тогтмол төлбөрүүд нь ч зэрэг нэмэгдэж байна.
Тиймээс өнөөдөр эдийн засгийн бодлогын хамгийн чухал зорилт бол инфляцийг бууруулах, төсвийн сахилга батыг сэргээх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, идэвхийг дэмжих явдал. Эдийн засгийн бодлогын зорилго зөвхөн ДНБ-ий өсөлтийг өндөр байлгах биш, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж, өрхийн амьжиргааг бодитоор сайжруулахад чиглэх ёстой.
– Ирэх намрын чуулганаар төсөв хэлэлцэнэ. Сая хаврын чуулганаар ирэх оны төсвийн төсөөлөл, төлөвлөгөөг баталсан. Үүнтэй холбоотойгоо таны санал, шүүмжлэл юу байна вэ?
– Үнийн өсөлтийг хазаарлахын тулд төсвийн сахилга бат хамгаас чухал гэдгийг дахин хэлье. Тиймээс Засгийн газар 2027 оны төсвийн төслийг өргөн барихдаа юуны өмнө алдагдлаа бууруулж, уРСгал зардлын өсөлтийг танаж оруулж ирэх хэрэгтэй. Орлого өсөхөөр зарлагаа дагаад тэлдэг хуучин хандлагыг халах цаг болсон.
Хаврын чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлийг батлах үед ч би энэ асуудлыг хөндөж байсан. Эдийн засгийн өсөлтийн үеийг төсвөө улам тэлэх шалтаг болгох биш, төсвийн сахилга батыг сэргээж, өрийн дарамтаа бууруулах боломж гэж харах ёстой.
Мөн төсвийн зарцуулалтын чанарт анхаарах шаардлагатай. Үр ашиг багатай уРСгал зардал, хөрөнгө оруулалтыг нэмэхээс илүү хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг урт хугацааны өгөөжтэй салбартаа төвлөрөх хэрэгтэй байна шүү дээ. Өнөөдөр Монголын эдийн засагт мөнгө дутсан гэхээс илүү мөнгөө хэр оновчтой зарцуулж байгаа нь асуудал болсон. Энэ цаг үед төсөв эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэрэгсэл байх ёстой болохоос биш, инфляцийг улам өдөөх хүчин зүйл болж болохгүй.
– Төрийн бодлого, Засгийн газрын чиглэл ер нь зөв явж байна уу?
– Төрийн бодлого зөв явж байгаа эсэхийг зөвхөн эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, экспортын хэмжээ зэрэг макро үзүүлэлтээр биш, иргэдийн амьдралын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар нь дүгнэх ёстой. Хэрэв хүмүүсийн худалдан авах чадвар сайжрахгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэхгүй, ирээдүйдээ итгэх итгэл дээшлэхгүй байгаа бол бодлого буруу байна гэсэн үг.
Би парламентын гишүүний хувьд аливаа бодлогыг нэг л шалгуураар үнэлж ирсэн. Тэр нь "Энэ бодлого иргэдийн амьдралд бодит эерэг өөрчлөлт авчирч байна уу, үгүй юу" гэдэг. Харамсалтай нь өнөөдөр эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдрал хоёрын хооронд асар том зөрүү байна. Энэ зөрүү тэлэх тусам иргэдийн төрд итгэх итгэл суларна.
Сөрөг хүчний хувьд бидний үүрэг зөвхөн алдаа шүүмжлэх биш. Төсвийн сахилга бат, эдийн засгийн эрх чөлөө, хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн, иргэдийн орлогыг өсгөх бодлогын төлөө бодитой санал, шийдэл дэвшүүлж, хариуцлагатай хяналт тавьж ажиллахыг хичээж ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд чадалтай болсон цагт л эдийн засгийн өсөлт статистик дээр бус, айл өрхийн амьдрал дээр мэдрэгддэг болно. Ардчилсан намын хувьд энэ чиглэлээр иргэдтэйгээ хамтран ажиллаж, илүү үр дүнтэй шийдэл санал болгохыг зорино.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН






