Бага наснаасаа эхэлж дуу дуулан олны танил болсон К.Номинжин үеийнхэн дундаа мэдлэг боловсролоороо дээгүүрт ордог.

15-хан насандаа “Чиний эзгүйд” киноны дууг дуулан уянгалаг хоолойгоороо нэг хэсэгтээ үеийнхэнээ байлдан дагуулж байсан билээ.

Тэрбээр өөрийгөө цагаан хоолтон гэдгээ зарлан энэ төрлийн олон арван ажил хийдэг. Дуучин бүсгүй нэгэн үе Энэтхэгт амьдарч байсан бөгөөд бүх насаараа бясалгах тангараг өргөсөн гэдэг. Түүнээс хойш Америкт багагүй хугацаанд амьдарч байгаад эх орондоо ирсэн.

Түүний ээж нь охиноо дагаж  цагаан хоол идэх болсноос хойш удалгүй аав маань ч гэсэн цагаан хоол хэрэглэж эхэлжээ.

Тэрбээр цагаан хоолныхоо талаар "Үнэндээ маш гоё амттай бүх л төрлийн цагаан хоолыг хийж болдог. Шар буурцгийн уургийг зөв амталж хийвэл цэвэр махнаас ялгарах зүйлгүй. Махны амт, үнэрээс болоод цагаан хоолонд орж чадахгүй байвал шар буурцгийн уургаар орлуулж болно шүү дээ. Монгол үндэсний хоол буюу шар буурцгийн уургаар орлуулсан бууз, хуушуур, банш гээд л хүнсэндээ хэрэглэх зүйл олон бий. Миний хувьд, нигүүлсэнгүй үзлийнхээ улмаас цагаан хоолтон болсон. Амьтны амийг хөнөөх нь үнэхээр хэрцгий санагддаг шүү. Бид өндөр түвшний ухамсартай, оюун ухаант хүмүүс шүү дээ. Энэ гариг дэлхий дээрх хамгийн өндөр түвшинд хөгжсөн ухамсартай амьтад гэсэн vг.

Ийм их ухаантай хэрнээ сул дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй хөөрхий амьтдыг хөнөөх хэрэг юу байна аа. Тэд бидэнтэй адилхан өвдөлтийг мэдэрч, гэр бүлдээ сэтгэлээрээ хүлэгдэн, үхлээс айдаг. Бид нядлуулах гэж байгаа малыг зөндөө л харж байсан. Хөөрхий тэр амьтны нvдэнд ямар их айдас шингэж, үхэхдээ хэрхэн зовж тарчилдаг гээч. Гахайны ухамсрын түвшин гурван настай хүүхдийнхтэй адилхан байдаг гэсэн. Тийм өндөр ухамсартай амьтдыг идсэнээр бид өөрсдийгөө хэр зэрэг дорд үздэгээ харуулж байгаа хэрэг. Энэ ч утгаараа, дэлхийн олон сая хvн цагаан хоолыг ухамсартайгаар сонгож, амьдралынхаа гол зарчим болгож эхэлсэн байх" хэмээн ярьдаг.

Түүний үнэнч найз нь 3 жил тэжээж байгаа Pitbull нохой нь гэнэ. Тэрбээр нохойндоо ухаангүй хайртай бөгөөд Ана гэж нэрлэжээ. Саяхнаас К.Номинжин үнэнч найзыгаа цахим найзуудтайгаа танилцуулж байнга шахуу түүнийхээ талаар мэдээлэл дуулгадаг болж.

Д.Ана