МУГЖ Т.Ариунаа гэх эрч хүчтэй, цоглог уран бүтээлч сүүлийн үед нэлээд сэтгэлээр унах болсон. Энэ жил түүний урлагийн алтан тайзнаа гарч, уран бүтээл тууриваж олон түмэндээ хүргэсний 30 жилийн ой тохиж байгаа юм. Тэрбээр хэдхэн сарын өмнө хөлөө гэмтээж, хагалгаа хийлгэсэн. Одоо гам барих ажил үлдсэн хэмээн саяхан өөрийн фэнүүддээ дуулгасан юм.

30 жилийн ойгоор нэлээд зүйл төлөвлөсөн байсан ч гэмтлээс болоод түр хойшлуулаад байгаа аж.

Түүний гэр бүлийн хүнийг байсхийгээд л аавын нэрийнд барьж хорих болсон. Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилсны эцэст өнгөрсөн сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон. Шүүхийн шийдвэрийн талаар одоо ч маргаантай байгааг уншигч та бүхэн мэдэж буй биз ээ.

Энэхүү хэргийн талаар Т.Ариунаа "Миний хань одоогоос жил гаруйн өмнө энэ хэрэгт холбогдсон. Өнгөрсөн хугацаанд бидний талаар хангалттай л бичлээ, ярилаа, буруу, ташаа мэдээлэл хүргэлээ. Гэхдээ миний хувьд бүх зүйл үнэн, зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь Г.Буяндорж гэдэг хүнтэй ханилж, нэг гэрт толгой холбосон хүн нь би. Тиймээс надаас илүү тэр хүнийг, гэм буруутай эсэхийг нь мэддэг сэтгүүлч эсвэл өөр хэн нэгэн байгаа гэдэгт би итгэхгүй. Би ханьдаа итгэсээр ирсэн, цаашдаа ч итгэсээр байх болно.

Тун удахгүй энэ хэргийн үнэн мөнийг хууль, хяналтын байгууллагынхан тогтооно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Хэргийн хувьд нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Харин зарим хэвлэлээр мэдээлж байгаа шиг зүйл биш гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Миний хувьд нэг зүйлд маш сэтгэл дундуур байх болсон. Өөрсдийгөө сэтгүүлзүйн мэргэжилтнүүд гэж нэрлээд байгаа хэдхэн хүн илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацаж, ард түмний тархийг угааж байгаад үнэхээр харамсч байна. Тэд мэргэжлийнхээ ёсзүйг умартаж, мөнгөний төлөө зөвхөн нэг талд үйлчилж байгаа нь харамсалтай. Уг нь сэтгүүлзүй гэдэг хүн гүтгэж, доромжлох талбар биш байлтай. Гэтэл хангалттай биднийг гүтгэж, доромжиллоо" хэмээсэн юм.

Д.Ана