ТҮҮНИЙГ “УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР БУСДЫГ ЗОДСОН” ХЭМЭЭН БУРУУТГАЖ МАГАДГҮЙ АЖ-

 

Б.Хурц гэдэг хүнийг харийн нутагт хоригдож байхад нь монгол түмнээрээ санаа зовинож “Батын Хурц биш Монголын Хурц” юм шүү хэмээн бичсээр байв. Германы холбооны шүүхээс Б.Хурцыг  суллагдсанаас хэдхэн хоногийн дараа буюу 2011 оны аравдугаар сард Германы Канцлер Ангела Меркель Монголд ирээд буцсан билээ. Энэ талаар тухайн үед тус улсын “Der Spiegel” сэтгүүл, Их Британийн “The Economist” сэтгүүлд  “Хүн хулгайлсан хэргээр буруутгагдаад байгаа Монголын тагнуулчийг яа­гаад сулласан талаар Германы хууль сахиулагчид тайлбар хийсэнгүй. Тиймээс А.Меркелийн айлчлалын замыг засахын тулд түүнийг суллажээ гэж үзэж болохоор байна” хэмээн бичиж байв.

Төд удалгүй Төрийн тэргүүнтэй хөтлөлцөх нь холгүй дотносон ирснээр барахгүй 2011 оны арван­нэгдүгээр сараас эхлэн АТГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ.

 

Тэрбээр 2011 оны есдүгээр сарын 24-нд суллагдаж, 28-нд эх орондоо ирээд хоёр сар хүрэхгүй хугацааны дараа буюу арваннэгдүгээр сарын 18-нд АТГ-ын даргаар томилогдсон. Энэ бол гайхалтай хурдацтай үйл ажиллагаа юм.

Түүнийг ажлаа авсны дараахнаас “Халаа сэлгээ хийлээ”, “МАН-ынханд агсам тавилаа” гэх зэрэг бараан мэдээллүүд цуварсаар байсан юм. Гэвч тэрбээр ганц үг ганхийхгүйгээр барахгүй яагаад АТГ-ын ажилтнуудыг олноор нь халж буй талаар мэдээлэл авах гэсэн сэтгүүлчид “Би тайван амьдармаар байна” хэмээн хэдэрлэж хөөх нь холгүй бүдүүлэг авирласан нь хэвлэлд нийтлэгдэж байсан.

Тэгвэл саяхан Германы www.moz.de вэб сайтад “Монголын тагнуул К.Бат нь Холбооны шүүхээс баривчлах тушаал гарсны дагуу дуудсаар байтал ирэхгүй байна” гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Үүнд тус улсын шүүхийн танхимд өмгөөлөгч нь ирчихээд байхад шүүгдэгч нь эх орондоо чөлөөтэй амьдарч буйг буруутгаж түүнд холбогдох гэмт хэргийг сөхсөн байна. Тухайлбал С.Зориг агсны үхэлд холбогдуулан Д.Энхбат гэгчийг баривчилж хулгайлсан, ингэхдээ зодож, ухаан алдуулан тэргэнцэр дээр түрж хилээр давуулсан. Ингэхдээ дээрх гэмт хэрэгт Б.Хурцыг холбогдуулан шал­гах болсон шалтгаанаа “Б.Хурцын хулгайлан баривчилсан Д.Энхбат нь Монголд ирээд удалгүй нас барсан.

Талийгаачийн гэр бүлийн гомдлын мөрөөр шүүх хурлыг эхлүүлсэн” хэмээн тайлбарлаж байсан юм. Харин “Дараагийн шүүх хурал болох хугацаа ойртсоор байгаа бөгөөд уг шүүх хуралд шүүгдэгч Б.Хурц ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Тэрбээр Холбооны шүүхийг үл хүндэтгэсэндээ өнөөг хүртэл холбоо бариагүй байгааг буруутгаж буй” гэх мэдээлэл  Германы хэвлэлүүдэд нийтлэгдээд тодорхой хугацаа өнгөрчээ. Магадгүй эдүгээ АТГ-ын дэд дарга Б.Хурцыг дахин баривчилж ч болзошгүй гэсэн ойлголт Германы болон Монголын уншигчдад төрж байна.

Ямартай ч түүнийг албадан аваачиж Холбооны шүүх хуралд оролцуулах эрх Германы талд байгаа аж. Гэтэл үүнтэй зэрэгцэн өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд Б.Хурц өөрөө чимээгүй байсан ч олон нийтийн дунд томоохон дуулиануудад нэр холбогдоод авсан билээ.

Юуны өмнө тэрбээр АТГ-ын дэд даргаар томилогдсон даруйдаа олон тооны ажилтныг халсан хэрэгт буруутгагдсан. Өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд үүнийг хийсэн байлаа гэж бодъё. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорих ажиллагааг АТГ-аас гардан удирдахад ганц үг ганхийгээгүй. Үүнийг албан тушаалын намба заасан гэж үзэх үү. Аль эсвэл өөрийг нь Их Британийн талд анх баривчлагдахад Н.Энхбаяр ямар нэг хэмжээгээр оролцсон гэж үзээд өс хадгалсных уу гэдэг нь эргэлзээ төрүүлсэн.

Түүнчлэн сүүлийн үед “МИАТ-ийн” гэх хэргийг нэлээд өргөн хүрээтэйгээр шалгаж, өмнөх он жилүүдэд бугшиж байсан булхайг илчлэх болов. Б.Хурцын намтарт “Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын дарга” гэх  албан тушаалыг хашиж байсан. Мөн 1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байсан гэдэг. “МИАТ” ТӨХК-ийн захирал асан  Б.Эрдэнэбилэг Б.Хурцыг 2006 онд Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчөөр ажилд авчээ. Гэтэл Б.Хурц тус төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа “МИАТ”  компанийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хуйвалдсан хэрэг нь АТГ-т шалгуулж байжээ. Учир нь Р.Бат-Эрдэнийн нэгэн түр журам гаргаснаараа буруутсан бөгөөд уг журмын гол агуулга нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэж байгаа нэг кг тээшний төлбөр 8000 вон байсныг 1.2 ам.доллар болгон өөрчилж, журмыг хэрэгжүүлэгч нь МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч байна гэжээ. Ямартай ч 2008 оны долоодугаар сарын 1-нээс 2009 оны тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл түр журам хэрэгжих хугацаанд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн “МИАТ” компанийн нислэгээр нийт 90 мянга орчим кг ачаа тээвэрлэгдсэнийг тогтоосон байдаг юм билээ. 

Ийнхүү Б.Хурцыг Монголын хууль ивээж нөмөртөө халхалж байдаг ч олон улсын хууль тогтоомжууд түүнд шударга хандах нь тодорхой болжээ. Германы шүүхийн танхимын төлөөлөөгч, доктор Т.Каеннегийн хэлж бай­санчлан тус улсын Эрүүгийн хуулийн 224, 234 дүгээр заалтын дагуу бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хийгээд хүн хулгайлсан хэрэгт нийт  15 хүртэл жил ял хүлээхээр байгаа юм. Гэхдээ “улс төрийн шалтгаанаар бусдыг зодсон” гэх шалтгаан тун ховор байдгийг дээрх эх сурвалж хэлсэн байдаг.

 

У.Оргилмаа