Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл тараасан иргэнд хуулийн хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 06-ны 11.30 цагийн үед талбайн ойролцоо гурван хятад иргэн хоёр эмэгтэйг хүчиндэж цөөрөмд хаялаа гэх мэдээлэл фэйсбүүкээр хуудсаар цацагдаж олныг цочирдуулсан юм.

Эл мэдээллийг Хасчулуу Мөнхбаяр гэх иргэн өөрийн цахим хуудаст нийтэлж охид бүсгүйчүүдээ хамгаалахыг уриалсан. Түүний энэ мэдээлэлд итгэхгүй байсан зарим иргэд худлаа зүйл тараахаа зогсоо гэхэд тэрбээр үнэн би хар толгойгоороо тангараглая хэмээсэн билээ.

Энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад, "ташаа мэдээлэл. Тийм хэрэг гараагүй. Худлаа мэдээлэл тарааж иргэдийг айдас сандралд оруулсан иргэнд хуулийн хариуцлага тооцно" гэлээ.

Харин энэ ташаа мэдээллийг тараасан Ч.Мөнхбаяр "Би өчигдөр хэрвээ тэгээд бичвэл хэр их газар авах бол гэсэн сонирхолдоо хөтлөгдөөд биччихсэн юм. Тэгээд устгах гэтэл интернет маань тасарчихсан. Орой гэртээ интернетгүй байж байгаад өглөө иртэл их шэйрлэгдсэн байсан. Тэгээд л устгасан" гэв. Тэрбээр мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг мэдээлэл нь ямар ч зорилгогүй, саваагүйтэж бичсэн юм. Нийт иргэдээс уучлалт хүсье гэжээ.

Уг зураг дээрх тогтоол усанд улаан өнгөтэй даавуу хийсч орсны улмаас өнгө нь ийм болсон байна.

Х.Даваа