Шүүгч нар болон прокурор, цагдаагийн ажилтнууд “Бид өчнөөн олон хэрэг илрүүлж, шалгаж, өчнөөн хүнийг яллаж байна.

Харин тэдгээр гэмт этгээдүүдийг барьж хорих шорон гяндан огт хүрэлцэхгүй байна” хэмээн гомдол гаргасан бол дарга сайд нар яасан хурдан хуралдаад, төсөв мөнгийг нь шийдээд хэдэн арван шорон бариад орхих байсан бол. Гэтэл жил болгон жараас далан мянган хүүхэд цэцэрлэг олдохгүйн улмаас гэртээ үлдэж байхад төр засгийн зүгээс огт хайхарсан шинжгүй “Цэцэрлэг барихаар төлөвлөсөн газруудаас айлууд нүүхгүй, газраа чөлөөлж өгөхгүй байгаа юм чинь яахав дээ” хэмээн гэдийгээд сууж байгаа юм. Өнөө жил 5000 хүүхэд багтаах 70 цэцэрлэг барих мөнгөөр сумдын 90 жилийн ойн баярыг хийж найрлаж наадамлаад дууссан утгагүй явдал ч байна. 

Хүүхдийн цэцэрлэг гэхээр хөдөлж өгдөггүй хэрнээ харин шорон гяндан гэхээр уухайн тас дайраад нэгэн зэрэг хөдөлж хэдэн арван шорон босгож орхидог улс манайхаас өөр байдаг ч юм уу бүү мэд. Нэрт сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын олж тогтоосноор бол хүүхдийг хоёроос таван насны хооронд маш сайн сургаж хүмүүжүүлж чадвал ирээдүйд зөв бодолтой, төлөв түвшин хүн болж өсдөг гэдэг. Мөн хүүхдийн хүмүүжилд эцэг эх, эмээ өвөө биш мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчид чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол ч байдаг. Эцэг эх, гэр орныхоосоо өөр хүнтэй харьцалгүй өссөн хүүхэд хажиг зожиг амин хувиа хичээгч болон төлөвшдөг гэж ярьдаг судлаач ч олон байдаг. Нээрээ ч гэртээ ганцаараа том хүмүүсийн дотор зожигорч өссөн хүүхэд тоглоомоо хүртэл бусадтай хуваалцахгүй харамлан, тэр чинээгээрээ ганцаардаж, уур хилэнтэй байх нь элбэг ажиглагддаг билээ. 

Тиймээс хүүхдийг багаас нь сургаж хүмүүжүүлэх ажил тун чухал байгаа юм. Харин энэ амин чухал ажлыг үл тоож, зөнд нь орхисноос өнөөдөр монгол хүүхдүүдийн гуравны нэг нь суурь хүмүүжил муутай болж байна гэхэд хилсдэхгүй. Цэцэрлэгт орж чадалгүй гологдон үлдэж байгаа хүүхдүүд жилээс жилд өссөөр ирээдүйд нийгэмд өширхсөн, хажиг зожиг, омголон танхай залуус болон гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Харин тэр цагт төр засаг тэдэнд зориулан том том шорон барьж өгөх юм биш биз гэсэн бодол ч төрж байна. Африкийн хамгийн ядуу орны нэг Сенегал улс хүртэл хүүхдүүддээ анхаарал тавьж, 18 нас хүртэл нь үнэ төлбөргүй боловсрол олгож тэр бүү хэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх олгодог юм гэсэн. 

Гэтэл манай улсын хувьд бага насны хүүхдүүдээ огт тоохгүй орхихоос гадна сургуулийн хүүхдүүдээс автобусны мөнгө нэхэж, байхгүй бол өвлийн хүйтэнд түлхээд буулгах зэрэг нь ердийн үзэгдэл болсон. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгож байгааг хүүхэд залууст анхаарал халамж тавьж байгаа явдал гэж үздэггүй юм бол хүүхдийн хүмүүжил, эмчилгээ сувилгаа, эрх ашиг гээд хүүхэдтэй холбоотой бүх юм хөсөр хаягдаад олон жил болж байна. Юм болгон хариутай, сайн үйлээс сайн үйл, муу үйлээс муу үйл л төрөн гардаг учраас үүний үр нөлөө яавч сайнаар гарч ирэхгүй биз ээ.   

 

Б.Мөсөн