Жил, жилийн улсын наадамд бөхчүүд допинг хэрэглэсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татдаг боллоо. Энэ жил ч уламжлал давтагдсан.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж, сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лавораторид хүргүүлдэг. Энэ жил ч мөн тогтсон жишгээр сорьцыг хүргүүлж шинжлүүлсэн. Хариу нь мөн ирээд байгаа юм. Энэ жил гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл хэдэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. 

Тэгвэл гурав жиш хоёр бөхөөс допинг илэрсэн талаар Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан хэллээ. Гэхдээ допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй гэнэ. Учир нь допингийн шинжилгээний хариуг Монголын үндэсний олимпийн хорооноос Үндэсний бөхийн холбоонд албан ёсоор ирүүлээгүй байгаа аж. Бөхчүүдийн нэрсийг зарлах тухайд энэ мэт хуулийн зохицуулалт журам, байдаг учраас цаг нь болохоор зарлах юм байна. Энэ жилийн хувьд аймгийн хурц арслан С.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын цолны босго алхсан. Харин улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага, улсын начин Б.Жаргалсайхан улсын гарьд цолонд хүрч, ес даван түрүүлсэн Н.Батсуурь улсын арслан цол хүртсэн билээ.

 Тэгвэл эдгээр шинэ улсын цолтнуудаас хэн нь сэргээш хэрэглэсэн бол гэх таамаг хөвөрч эхэллээ. Үндэсний бөхийн холбоо допингийн хариуг албан ёсоор зарласнаар энэ асуултын хариулт тодорхой болох биз ээ. Харин бөх үзэгчдийн зүгээс допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлаж, эрт арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь бөхчүүдийнхээ эрүүл мэнд, удмын санг хамгаалах нь монгол улсын маш чухал бодлого байх учиртай. Мөн спортын шударга өрсөлдөөний нөхцлийг эрх бүхий байгууллага нь хангаж явах учиртай гэж ард түмэн үзэж байна. 

cb9d20b4343c468bbigДопингийн асуудлаар Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангаас зарим зүйлийг тодрууллаа. 

- Допингийн асуудал жилийн жилд л шүүмжлэл дагуулах юм. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? 

-    Нэг л зүйлийг хатуу ойлгож байна. Допингийн шинжилгээ авдаг болсноос хойш 13 жил өнгөрчээ. Допинг гэж юу вэ? Тэр бөхөд ямар хортой вэ?, Допинг илэрвэл хүний нэр төрд ямар халтай вэ? гэдгийг бөхчүүд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 512 бөх бүртгүүлээд барилдаж байгаа боловч шөвгөрөх хэмжээнд барилдах бөх 40-50 шүү дээ. Шөвгөрөх хэмжээнд горьдож байгаа хүмүүс эм уухдаа эмчээс заавал асууж зөвлөж байж уух хэрэгтэй. Тийм хариуцлагатай байх ёстой. “Би бэртсэн. Эмчийн өгснийг уусан. Тэгсэн илэрчихлээ” гэж хэлдэг. Энэ бол ухаалаг арга биш. Допингийн төрлийн бодисын жагсаалтыг гаргаж өгдөг, хэвлэдэг нийтэлдэг учраас допингийн талаар муу сурталчиллаа, мэдсэнгүй гэх зүйл байхгүй. Энэ бол өөрийнхөө гэмийг бусад руу түлхсэн, хариуцлагаас зугтах гэсэн арга юм. Тухайбал жолооч нар осол хийчихээд замын цагдааг буруутгадаггүй биз дээ. Үүнтэй адил допингийн эсрэг хууль гарлаа. Танилцуулгыг нь гаргасан байхад допинг илэрсэн нь миний буруу биш өөр хүний буруу гэх нь маш болчимгүй арга юм.  Хэрвээ бэртэл гэмтэл авсан бол мэргэжлийн эмчтэй заавал зөвлөөд стандарт тунгаар нь уусан байвал асуудалгүй шүү дээ.

-    Допинг хэрэглэсэн бөхчүүд наадамд дахин барилддагт ард түмэн их дургүйцдэг. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?  

-    Допинг хэрэглэхийг хориглох нь үр дүнтэй. Допинг гэдэг нь хорт эмийн бодисын нийлбэр юм шүү дээ. Хортой юм гэдгийг тухайн хүнд хэлж эрүүл мэндийг нь хамгаалах нь зөв юм. Хоёрдугаарт спортын шудрага байдлыг хангах ёстой. Хүч нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэчихсэн хүнийг зүгээр хүнтэй барилдуулах нь шудрага бус. Допинг хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авах нь зөв. Дэлхийн олон улс допингийн эсрэг арга хэмжээ авдаг. Хэрэглэсэн тамирчныхаа тэмцээн уралдаанд орох эрхийг нь хугацаа зааж хасч, авсан цол медалийг нь хураадаг юм. Тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулсан үедээ тухайн тамирчин ёс суртахууны зөрчил гаргаагүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн, хүмүүжиж засарч байгаагаа харуулсан бол эрхийг нь сэргээдэг практик олон улсад байдаг. Тухайн бөхчүүд буруугаа ойлгоод, бэлтгэл сургуулилтаа хийгээд ахиж барилдахыг хүссэн хүсэлтээ гаргавал эрх бүхий байгууллагаар авч хэлэлцээд барилдуулах үгүйгээ шийддэг. 

Т.Энхэлээ