Гомдол тунирхал
2013/05/08
Уул уурхайг ашиглахтай холбоотойгоор энд тэндгүй төмөр зам тавина гэж өнөөдөр ярьж байгааг эс тооцвол Монгол Улс өөртөө таарсан төмөр зам бүхий дэд бүтэцтэй улс. Тэр нь зөвхөн өөрийн дотоодод ашиглагдаад зогсохгүй, олон улсын шинж чанартай юм.
Хойд хөрш маань энэ төмөр замыг хуучин ЗХУ байхдаа, тэр дундаа дайны хүнд үед манайд барьж өгсөн ач гавьяатай. Хэдий ийм хэрэгтэй төмөр зам боловч даан ч өнөөдөр "өндөр нас"-ыг зооглож буй учир Монголын төмөр зам (УБТЗ) өнөөгийн нөхцөл байдал, шаардлага, орчин үеийн хөгжлийн дэргэд хуучираад байгаа нь үнэн.
УБТЗ-д оросууд ч тэр, манайхан ч тэр шинэчлэл хийж буй хэдий ч томоохон хөрөнгө оруулалт байхгүйгээс олигтойхон шиг шинэчлэл явагдахгүй орчин цагтайгаа хөл нийцэж гүйцэхгүй байна. Монголын төмөр замыг, барьж өгснөөрөө өнөөдрийг хүртэл хувь эзэмшдэг оросуудгүйгээр УБТЗ-ыг салгаж ойлгошгүй.
Шинэчлэл ч тэр тэдэнгүйгээр хийгдэхгүй нь ойлгомжтой. Энэ хүрээнд хоёр орны Ерөнхийлөгч нар хоёр улсын "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаглал" байгуулж батлахдаа хойд хөршийн тал "Оросын Төмөр зам" (РЖД) компаниар дамжуулан Монголын төмөр замыг хөгжүүлж шинэчлэхэд оролцохыг заасан юм.
Энд манай тал шинээр төмөр зам барихад оросууд оролцоно гэдгийг мөн тусгажээ. Гэвч шийдвэр хэрэгжээгүй өдий хүрэв. Үүнд "ах" нар манайхыг идэвхигүй байна гэж жаахан гомдоллодог. Жаахан гомдол сүүлдээ дэвэрсэн.
Үүнийг РЖД-ийн захирал В.Якунин манай Ерөнхий сайдад захидал бичихэд хүргэсэн явдал харуулж буй. Оросуудын гомдол юунаас болж яагаад сэдэрэв? Манайхан шинэ төмөр зам барих ажлаа эрчимжүүлэх үүднээс хойд хөршийнхөө мэргэжил нэгтнүүдийг энэ ажилд оролцох саналыг энэ оны эхээр тавьжээ.
РЖД үүнийг нарийн судалж үзье гэсэн байна. Тэгснээ шинээр байгуулах хувьцаат компанийн хувьцааны тодорхой хувийг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж хамтран эзэмших Монголын саналыг хүлээж авах нь зохистой бус, оновчгүй хувилбар бүхий санал байна гэсэн байна.
Учир нь РЖД төмөр зам тавьдаг, ашигладаг болохоос бус хувьцаа худалдан авах замаар бусдын төсөлд хөрөнгө оруулалт хийдэг компани биш гэсэн хариуг "өгчээ". (Энд "бусдын төсөл" гэж онцолсон нь анхаарал татаж буй) Оросууд өөрсдийн энэ байр суурийг тайлбарласан захидлыг манай Ерөнхий сайдын нэр дээр өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр илгээхдээ Монголын төмөр замыг сайжруулан шинэчлэхэд хамтран ажиллахад бэлнээ ноён Якунин урьдын адил илэрхийлэн дайжээ.
Ингэхдээ оросууд УБТЗ-ын нэвтрүүлэх чадвар, транзит болон гадаад, дотоодын тээвэрлэлтийн чадавхийг сайжруулахад голлон анхаарья гэсэн байна. /Үүнийг манайхан оросуудыг "Тавантолгой"-н нүүрсийг ашиглаж тээвэрлэхэд оролцоё гэсэн санаа гэж үздэг/ РЖД-ийн тэргүүний захидал хаягласан эзэндээ очихын өмнө хэвлэл мэдээллээр гарсан гэх мэт хэл ам татлан тодорхой хугацаа өнгөрөх хооронд манай Ерөнхий сайд оросуудын захидалд хариу өгч.
Ингэхдээ төмөр замын салбарт хоёр тал хамтран ажиллах сонирхол хэвээр байгаагаа илэрхийлээд асуудлыг биечлэн уулзаж шийдэх хариу санал тавьжээ. РЖД-ийн захирал Монголд ирж байгаагийн учир энэ аж.
"Ноён В.Якунин төмөр замын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээ хийхээр Монголд ирж байна" гэсэн мэдээллийн цаад учир энэ юм. Харин энэхүү айлчлалаар оросуудын гомдол, тунирхал арилах эсэх нь хоёр талын яриа, хэлцлээс шалтгаалан үлдэв.
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин