Прагматик национализмын /үндэсний үзэл/ тухай
2014/10/13
Үндэсний үзэлд бурхны хүч бий, буг чөтгөрийн ч хүч бий
/Таны мэдэх ёстой Үндэсний үзэл номоос/
Гадаадын хөрөнгө оруулалтыг тойрсон улс төрийн үзэл суртлыг зөв ойлгох асуудал Монголын амин асуудал юм. Сайн муу, сайхан муухай гэж гэж бид туйлшрах маягтай. Үр дагавар нь гадаад хөрөнгө оруулалтгүй, үүнээсээ улбаалаад дотоод ч хөрөнгө оруулалтгүй, ажилгүй, амьдралгүй баахан хүмүүстэй, цээжээ балбасан популистуудтай, хэрүүл уруул руу умбах маягтай гэхүү дээ. Арай ч хэтрүүлсэн байж мэдэш. Монгол гадаадын хөрөнгө оруулалт тойрсон төрийн үзэл сурталгүй тул аль эсвэл “хөрөнгө оруулагчдыг хөөгөөд үндэсний баатаруудтай болох” аль эсвэл “ далан таваар бууж өгөх” гээд байх юм. Аль аль нь биш юм.
Болж байгаа үйл явдлыг ойлгуулахын тулд ПРАГМАТИК НАЦИОНАЛИЗМ гэсэн шинэ нэр томьёог “Гадаадын хөрөнгө оруулалт ба Прагматик национализм” тэмдэглэлдээ санал болгосон билээ. Зарим хүн анх л сонсож буй бололтой. Элдэв юм бичих, тэр нь чихрийн цаас л болох юм. Энэхүү нэр томьёог би зохиогоогүй. Ертөнцийн учир мэдэх хүмүүсийн сэтгэлгээнд хэрэглэгдэн буй ухагдахуун. Номоос хол аахар шаахар юмаар улс төр хийсээр Монгол маань удаж байгаа тул “гашилсан тархи”-нд салхи бага боловч оруулахгүйгээр цааш явах янзгүй. Урт юм бичихээр унших дургүй. Иймээс богино тэмдэглэл маягаар бичиж байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулалт тойрсон үзэл баримтлалыг товчхондоо сэтгэлгээний 3 хэмжигдэхүүнд оруулж болохоор байгаа. Хувь хүнийх нь хувьд авч үзвэл элдэв баримтлалын хольц ярих нь орон оронд элбэг. Гэвч тэр бүгдийг нь алтан дундажид оруулбал орон орны нүүр царай харагдана. Нэлээд субьектив байж болох ч бүс нутаг, зарим орнуудыг Монголтой харьцуулж харахад зүгээр байх.
Чөлөөт зах зээлийн баримтлал биш юмаа гэхэд ядаж прагматик национализмын баримтлалд Монгол дөхөх шаардлагатай. Прагматик национализмын жишээ хайж холын юм ярихаа болъё. Ойр хөршүүдээ дурьдъя.
Урд хөрш. 40-50 жилийн өмнөх Хятад орон. Эдийн засгийн их үсрэлт хийх гарааны өмнөх Хятад орон. Тэр үед Хятадын национализм үр хөрвөлийн хэмжээнд байлаа. Эдийн засаг өсч амьдрал дээшлэх хэмжээгээр национализм хүч авч эхлэв. Хятадын жирийн ард түмэн чинээлэг болохын тулд бүхий л аргыг хэрэглэв. Энэ бол прагматизм. Эрх баригчид нь улс орноо хөгжүүлж, олон түмний дэмжлэг авахын тулд бүхий л аргыг мөн хэрэглэв. Энэ бол мөн л прагматизм. Ингэж национализмтай хамт прагматизм өсч өндийсөн. Гадаадын хөрөнгө оруулалтын сайн муу талыг аль алиныг таньж мэдэн, ашиглан буй энэхүү бодлогыг Прагматик национализм хэмээнэ.
Хойт хөрш. Агуу ЗХУ задарч Орос орон манай хөрш болов. Тэр үед Оросод национализм үнэрч байхгүй байлаа. Амьдрал дээшлэх хэмжээгээр Оросын национализм газар авч эхлэв. Амьдралаа дээшлүүлэх гэсэн дээрмийн бүлгүүд зохион байгуулагдаж өөр хоорондоо алалцаж эхлэв. Энэ бол 90-ээд он. Үр дүнд нь Олигархи тогтолцоо бий болов. Прагматизм үр хөврөлийн хэмжээнд байна. Оросын национализм эерэг утгаар хөгжсөнгүй. Төрийн хүчээр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжив. Прагматик национализм гэхүү дээ. Хөрсгүй учир хэр удаан явахыг хэн ч үл таана. Аргагүй байгалийн хий болон газрын тосны баялаг ихтэй тулдаа л хөрөнгө оруулагчдын мөнгийг сааж буй.
Монгол. ЗХУ буюу Орос орноос олон арван жил хараат явж байснаа Монгол 80-аад оны сүүлчээр гэнэт Тэжээгчээ алдав. Барууны орнууд, гол нь Япон Монголд тусламжийн гараа сунгалаа. Энэ бол 90-ээд он. Тусламжинд дулдуйдан байж Монгол улс зах зээлд шилжив. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх болов. Амьдрал өөдлөх хэмжээгээр национализм өндийдөг нь зүй тогтол боловч Монгол национализмаа ойлгоогүй голдуу үндсэрхэг үзэлд автамтгай байна. Тиймээс Популизм Монгол төрийн бодлогыг тодорхойлж эхлэв. Энэ бол прагматизм биш. Эхний давалгаагаар орж ирсэн хөрөнгө оруулагчид дайжив. Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй орон болж хувирав. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар Төрийн бодлого болон олон түмний хандлага өөрчлөгдөхөөс нааш гэрэл харагдахаа болив. Үүнийг 2014 оны улс орнуудын эрсдлийн газрын зургаас харж болно.
Монголын ирээдүйн төлөө санаа зовж л байгаа бол ГШХО-ыг тойрсон улс төрийг, олон түмний сэтгэл зүйг зөв тольдож Монголын эрх ашгийн үүднээс тайлбар өгөх хэрэгтэй байгаа юм. Шинэ маягийн үзэгдлийг хуучин нэр томьео ойлголтын хүрээнд тайлбарлах гэж оролдвол амжилтанд хүрэхгүй. Иймийн тулд уг асуудлыг хөндсөн юм. Өлгөж аваад үзээд хараад популизмыг мухарлахгүйгээр хөгжлийн бололцоог нээхгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан
mongol · 2014/10/14
Хөгжлийн хандлага, хүний зөв эрүүл сэтгэлгээ, ажил хэрэгч байдал гэх мэт зайлшгүй ********длагатай байгаа бүх зүйлсийг нөхцлөөр шахаж бий болгох хэрэгтэй. Прагматизм