Өвөрхангайчууд Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татахаар шийджээ
2013/05/12
Өвөрхангай аймгийн сонгогчдын эрхээ хамгаалах түр хорооныхон өнөөдөр нийслэлд хүрэлцэн ирлээ. АН-аас нэр дэвшин ялагдал хүлээсэн Д.Зоригтыг өнгөрсөн баасан гаригт эрх баригчид дур мэдэн хүчээр УИХ-ын тангараг өргүүлж, өвөрхангайчуудын сонголтыг уландаа гишгэснийг тус аймгийн ард иргэд эсэргүүцэж байна.
Тиймээс түр хороог төлөөлөн тэргүүн Ц.Нямсүрэн, гишүүн Ч.Самбуу-Ёндон, Г.Даваатогтох, Ё.Оргодол, Ж.Жаргалсайхан, Т.Бадрахбаяр нар сонгогчдын сонголтыг баталгаажуулахын төлөө эрх баригчдын хууль бус үйлдэлтэй тууштай тэмцэхээ мэдэгдлээ. Тухайлбал, энэ сарын 15-нд аймгийнхаа төв талбайд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах, саналыг нь хүндэтгэх жагсаал зохион байгуулах юм байна. Мөн хууль хууль бусаар УИХ-д шургалсан Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах нийт сонгогчдын гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлэх аж. Энэхүү үйл ажиллагааг энэ сарын 15-25-ны хооронд зохион байгуулах бөгөөд Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах шаардлагыг УИХ, СЕХ, Ерөнхийлөгчид өргөн барихаар төлөвлөжээ.
Түүнчлэн энэхүү шаардлагын хариуг иртэл өвөрхангайчууд улс төрийн тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тиймдээ ч өвөрхангайчуудын саналыг луйвардаж УИХ-д суусан Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татахыг түр хорооныхон шаардаж байгаа юм. Ард түмний саналыг шүүх эрх мэдлийн байгууллагаар далайлган авч байгаа хууль бус үзэгдэл нь Монголын ардчилалд маш том хар толбо болж үлдэхээс гадна улс төрд буруу жишиг тогтоож байна хэмээн үзэж байгаагаа тэд илэрхийлсэн юм. Сонгуульд ялагдсан мөртлөө шүүхээр далайлган УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Г.Батхүү, Д.Зоригт нар дараа дараагийн УИХ-ын сонгуулиар нутагтаа очих нүүргүй төдийгүй улс төрийн замналдаа үүгээр цэг тавьж байна хэмээн өвөрхангайчууд халаглаж байгаа аж.
Түр хорооны гишүүн Ч.Самбуу-Ёндон “2012 оны УИХ-ын сонгууль болоод жил гаруй болж байна. Удахгүй болох дараагийн сонгуулиар шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Гэтэл өвөрхангайчууд бид ард түмнийхээ сонголтыг баталгаажуулж чадаагүй өдий хүрлээ. Нэр дэвшигч С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267 хүний санал авсан. С.Чинзориг нь Г.Батхүүгээс 4000 гаруй хүний саналаар илүү байгаа юм. Ийм байхад Г.Батхүү, Д.Зоригт нар албан тушаал, нэр алдар хөрөнгө мөнгөний төлөө улайран ард түмнийхээ саналыг үл тоож, тэдний сонголтыг уландаа гишгэж байна.
Шүүхийн байгууллага 2012 оны сонгуулиас хойш шударга ёс, хууль ёсыг дээдлэн шударга шийдвэр гаргах байх гэж итгэж хүлээсэн. АН олуулаа шинэчлэх уриатай сонгуульд оролцсон. Гэтэл олуулаа нийлж яаж дарангуйлж, дээрэлхэж, хууль зөрчиж, ард түмний сонголтыг хэрэгсэхгүй болгодгийг бид биеэрээ харлаа, мэдэрлээ. Энэхүү хууль бус, бусармаг үйлдлийн эсрэг өвөрхангайчууд бид тууштай тэмцэнэ” гэлээ. Түр хорооны удирдагч Ц.Нямсүрэн “Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж засгийн эрхийг эдэлдэг. Энэ бол сонгуулийн ардчилсан зарчим. Гэтэл энэ зарчмыг алдагдуудах, замаас нь засварлах, хууль бусаар саналыг луйвардах оролдлогууд нь ардчиллыг гажуудуулж мөхөхөд хүргэж байна” хэмээн онцлов.
Зочин · 2013/05/14
хууль зөрчсөн хүмүүс
Зочин · 2013/05/13
Нэгэнт хууль зөрчсөн нь тогтоогдсон учир Чинзориг хасагдсан. Юундаа ингэж унжигнаж заргалдаж гүйнэ вэ. МАН -ын дарга нар шүүхийн шийдвэрийг хүндлэх соёлд суралцаагүй байна. Хэрэв эрүүл сэтгэлтэй улс төрч бол шүүхийн шийдвэрийг буруутгаж ард түмнээ үймүүлэх гэж ярих ч ёсгүй. Тэр тусмаа намын бүлгийн дарга Энхболд шүү. Энэ бол ту******а шийдэгддэг асуудал байхаа.
Зочин · 2013/05/13
хууль зөрчидөг гаруудыг өмөгөөлж байгаа бол даа нар ч гэсэн дэлхийгээс зайл за