“Ургах наран” хорооллын бохирын асуудлыг шийдвэрлэжээ
2014/10/22
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/877 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугамын ашиглалтад орох хугацаа хойшилсноос үүдэн бий болсон Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын оршин суугчдын 2010 оны 08 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны бохир усны тээвэрлэлтийн зардлын өр болох 433 669 050 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ургах наран хорооллын бохир усны шугамыг 2014 оны 11 дүгээр сарын 01–ний дотор Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугаманд холбох ажлыг гүйцэтгүүлж, дуусгахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. .Ургах наран хорооллын бохир усны тээвэрлэлтийн зардлын өрийг бохир ус тээвэрлэгч компанид гүйцэтгэл, үр дүнг тооцож олгож, энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.