Улс төр дэх тохиролцоо хэрхэн болдгийг Өвөрхангайн тойргийн сонгуулийн маргаан харууллаа. Өөрөөр хэлбэл Ардын намаас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү, Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын хооронд болсон тохиролцоо эцэс сүүлдээ хэний ялалтаар дуусаж буйг бид харсан.

“Парламентад зөвшилцөх нь хамгаас чухал. Зөвшилцсний үндсэн дээр ажил урагшилдаг” гэж ярих дуртай гишүүд бий. Нэг талаар олонхи, цөөнх нь учраа олж чадахгүй болохоор зөвшилцөхөөс өөр аргагүйд хүрдэг учир үүнийг буруутгах аргагүй мэт. Гэхдээ ард түмнийхээ саналаар тохиролцоно гэдгийг л ойлгохгүй байгаа юм. Өвөрхангайчууд эрхийнхээ дагуу өөрсдийн сонголтоо хийж саналаа өгсөн. Харин Ардын нам, Ардчилсан намынхан тэдний сонголтыг хүндэтгэхийн оронд парламент дахь суудлынхаа тоог нэмэхийн төлөө улайрсан. Ийн улайран улстөржиж байгаагаа “цэвэрхэн”-ээр хуулийн дагуу, шүүхийн шийдвэрээр гэх үгний цаана нуухыг оролдсон юм. Гэвч ард түмэн тэнэг биш. Парламентад улстөрчид нэг, нэгэндээ албан тушаал эрх мэдэл олгохын тулд тохиролцож байна. Тохиролцооны улс төр ч энд хүрээд зогсохгүй нь тодорхой биз ээ.

УИХ-ын сонгуулиар Ардын намаас Өвөрхангайд нэр дэвшсэн С.Чинзориг улс төр дэх тохиролцоог ил болголоо. Тэрбээр хэлэхдээ “Намын удирдлага өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Ардчилсан намын удирдлагуудтай уулзсан. Тэр үеэрээ улс төрийн тэмцлээ зогсооё, шүүх хяналтын байгууллагыг гар хөлөө болгож буй увайгүй үйлдлээ больё гэж ярьсан. Өвөрхангайн хоёр суудлыг танай нам авна гэдэг арай дэндэж байна. Улайраад байгаа юм бол Г.Батхүүг чинь оруулъя, харин манай намаас хамгийн өндөр санал авсан С.Чинзоригийн тангаргийг өргүүлээд энэ маргааныг эцэслэн шийдье гэж ярилцсан нь үнэн. Ингэж ярилцахад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, Г.Батхүү нартай манай намын удирдлагууд байсан” гэв. Сонирхолтой нь Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд тохиролцоогоо баталгаажуулахын тулд Г.Батхүү С.Чинзоригийг шүүх дээр буруугүй болоход нь шаардлагатай гарын үсгээ зурахаар болж. Харин Н.Төмөрхүү, Д.Зоригт нарыг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч  байна  гэсэн  өргөдлийг  өгүүлэхээр болсон аж. Н.Төмөрхүүг улс төрийн тоглоомоос гармагц Г.Батхүү УИХ-ын гишүүнийхээ тан­гаргийг өргөсөн. Энэ үйл явц тохиролцооныхоо хүрээнд болсны дараа Г.Батхүү үүнээс буцаж өөрийн гаргасан нэхэмжлэхээ буцаахгүйгээр үл барам Ардчилсан намынхан Д.Зоригтын тангаргийг өргүүлчихэв. Энэ бүгдээс харахад улстөрчдөд ард түмний санал ямар ч хамаагүйгээс гадна Ардын намынхан нэг, Ардчилсан намынхан нэг суудал авчихвал болно гэсэн байр сууринаас хандсан байгаа юм. Нэг тойрогт ийм тохиролцоо хийж байгаа юм чинь сонгуулиар иргэдийн өгсөн санал үнэнтэй яв цав нийцнэ гэдэгт эргэлзэхээс өөр яах билээ. 

Тохиролцоо нь өөрөө улс төр. УИХ элэг бүтэн  болох  сүүлийн  тохиролцоонд  Ардчилсан намынхан ялалт байгуулж орхив. Хэдийгээр муу  аргаар,  иргэдийн  саналыг  тохиролцож, барьцаалсан ч өөрийн гишүүдээ чуулганы танхимд оруулж чадав. Тэднийг ингэж түрэмгийлж, хүч түрэхээс аргагүйд хүргэсэн нь нам доторх фракциуд нь. Д.Зоригтыг оруулахгүйгээс болж МҮДН-ынхан эсэргүүцэж, энэ нь Г.Батхүүг Ардын намын хоёр нэр дэвшигчид үүсгэсэн нэхэмжлэхээ татах гарын үсгийг зуруулахгүйд хүргэжээ. Ийнхүү улстөрчдийн тохиролцоо ямар байдгийг энэ үйл явдал харуулах шиг боллоо.

 

Ц.Энхцэцэг