Таван настай хүүгээ заазуурдсан эцэг гэрийнхнийгээ байнга дарамталдаг байсныг эмчийн үзлэгээр тогтоосон байна. Заазуурдуулсан хүүгийн ар гэрийнхнийг эмнэлгийн үзлэгт  оруулахад мэсний эдгэсэн сорвиос эхлээд шүдний оромны сорви бүгдийнх нь бие дээр тогтсон байсныг тогтоожээ.

Тиймээс гэр бүлийнхнийгээ тарчлаан зовоодог байсан гэх гэрийн эзнийг 5-10 жилийн ялаар шийтгэх магадлалтай байгааг хууль, хяналтын байгуул­лагынхан хэлж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр гэрийн эзэн зуухны яндан хийж, “Нарантуул” худалдааны төвд борлуулж, ар гэрийнхнийгээ тэжээдэг байсан учир гэр бүлийн хүчирхийлэл болсны дараа эхнэр нь арга буюу цагдаагийнхнаас суллахыг гуйж, байнга гаргаж авдаг байсан гэнэ. Хөршүүдийнх нь яриагаар бол энэ гэр бүлийн эхнэр нь архинд донтсон нэгэн бөгөөд энэ бүхэн нь  нөхрийнхөө архины  хэрэглээг өөгшүүлсэн хэрэг болж зэрлэг хүчирхийлэлд хөтөлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гаргаж, нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар тус дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Баясахтай уулзаж, цөөн асуултад хариулт авсан юм.

-Таван настай хохирогч хүүгийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Нийслэлийн болон дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Хүчирхийллийн эсрэг төв зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хам­тарч  хохирогч хүүгийн хэргийн нөхцөл байдал, гэр бүлийн орчин, эцэг эхийнх нь асуудлыг судлан ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, ажлын үр дүнгээс бид дараа, дараагийн шатлал бүхий арга хэмжээг авч ажиллана. Хохирогч хүүгийн бие сайжирч байгаа мэдээллийг дөнгөж сая авлаа. Мөн хүүгийн ах, дүүг ч бас эмчилгээнд хамруулсан  юм билээ.

-Хүүхдүүд нь ямар нэгэн байдлаар гэмтэл, бэртэлтэй байсан гэсэн. Мөн бага хүүхдийг нь сувилалд шилжүүлэх талаар ярьж байгаа гэх мэдээлэл байна?

-Хүүхдүүдийг эмчилгээ, сувил­гаанд хамруулсан, одоо эмчлүүлж байгаа. Бага дүүг нь нялхсын сувилалд шилжүүлж эмчилгээ хийлгэхээр өнөөдөр шилжүүлсэн.

-Зарим хэвлэлээр хүүгийн аавыг суллагдаж очоод эхнэр хүүхдүүдээ дахиж зодсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ талаар надад одоогоор мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар аавыг нь саатуулан шалгаж байгаа. Харин ээжийг нь хүүхдүүдтэй хамт эмчилгээ, сувилгаанд хамруулаад байна гэдэг мэдээллийг л өгч байна.

-Ээжийг нь архи их уудаг байсан гэдэг мэдээлэл бас байна. Энэ үнэн болов уу?

-Мэргэжилтнүүдийн хамтарсан баг хохирогч хүүгийн гэр бүлийн нөхцөл байдлыг судалж байна. Бидэнд олон мэдээлэл ирж байна. Ирж байгаа мэдээлэл бүхнийг нягталж судалж, тогтоох ёстой. Ер нь ээж нь архи уудаг байсан байх магадлал өндөртэй байгаа. Үнэн, зөв мэдээллийг хөршүүд нь өгч байна уу даа гэсэн бодол байна. Ээж нь архины хамааралтай эсэхийг хуулийн байгууллага тогтоох байх. Мөн хүүхдүүдээ асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлэх чадвартай эсэхийг нь ч тогтооно. Хэрэв ирж байгаа мэдээллүүд батлагдаж, ээж нь хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхэд бэрхшээлтэй нь тогтоогдвол хүүхдүүдийг нь улсын асрамжинд өсгөх асуудлыг ярина. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нийгмийн ажилтны хийсэн судалгаагаар зөвхөн “Хонхор” тосгонд гэхэд хохирогч хүүгээс гадна 38 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгааг нь тогтоосон. Баянзүрх дүүрэгт  орон нутгаас шилжин ирж байгаа иргэдийн дунд бүртгүүлж, харьяалал авах гэхээс илүү гэрээ барьчихлаа, одоо болно гээд санаа амарчихдаг хүмүүс олон байна. Тиймээс хараа хяналтгүй, харьяалах нэгж, бүртгэлгүй байгаа эдгээр айл, өрхөд нэг бүрчилсэн судалгаа хийж байна. Магадгүй энэ судалгаагаар хохирогч хүү шиг байдалд орсон, илүү хүнд нөхцөлд амьдарч байж болох хүүхдүүд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Т.Баясах даргын яриа, энэ хэргийг анх илрүүлэх үндсийг тавьсан түргэний эмчийн бичлэг болон сүүлийн үед ихээр гарч байгаа гэр бүлийн хүчирхийлэл зэргээс харахад дарагдаад өнгөрч байгаа ийм тохиолдол маш олон байдаг гэсэн дүгнэлтийг хийж болохоор  байна.

 

Р.Сарангоо