Өнөөдөр Олон улсын интернэтийн өдөр
2014/11/20
Өнөөдөр Олон улсын интернэтийн өдөр тохиож байна. Энэ өдрийг Олон Улсын Интернетийн үг хэлэх эрх чөлөөний тэмдэглэлт баяр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Дэлхийн бүх л хүмүүс техник технологийн хөгжлийн энэ эрин үед өдөр тутмын амьдрлаа интернетгүйгээр төлөөлж чадах уу. Мэдээж үгүй. Интернетээр бид дэлхий ертөнцийн сонин хачин, танин мэдэхүй, шинжлэх ухааны нээлт, бизнес- эдийн засаг, соёл, түүх, шашин, мэдлэг боловсрол, найз нөхөд, улс төр ер нь юу л сонирхсон бүхнээ олж мэддэг.
Энэ хязгааргүй интернэт ертөнцийг анх АНУ-ын Батлан Хамгаалах Яамны хэд хэдэн компьютерыг хооронд нь холбосноор үүссэн гэж үздэг байна. Харин анх энэ өдрийг 2008 онд “Хил хязгааргүй сэтгүүлч, сурвалжлагчид” төрийн бус байгууллага санаачилсан юм байна. Тэр цагаас хойш дэлхийн интернет хэрэглэгчид нийтээрээ энэ өдрийг тэмдэглэж заншжээ.
Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Информатикийн хүрээлэнгээс нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм. Тус өдөрлөгийн хүрээнд “Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэрхэн бичих вэ”, “Европын Сансрын Агентлагийн “РОСЕТТА” төсөл”, “Электрон цус”, “Хэрэглээний програм хангамжийг үр дүнтэй ашиглах нь”, “Google-ийн нэмэлт боломжууд”, “Э-үзүүлэн үр дүнтэй бэлтгэх нь” зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд илтгэл тавина. Мөн энэ үеэр бүтээлийн үзэсгэлэн гаргах, хүрэээлэнгийн үйл ажиллагааг танилцуулах, электрон номнуудыг DVD-ээр болон хэрэглээний нээлттэй эхийн програм хангамжуудыг тараах зэрэг олон үйл ажиллагаа явуулна. Нээлттэй өдөрлөг ШУА-ийн Нэгдсэн хоёрдугаар байранд болох юм.
Дэлхий дахин анх интернеттэй болж байх үед буюу 1994 онд манай улс инернэттэй холбогдсон ч албан ёсны нээлтээ 1996 онд хийсэн. Энэ үед манайд интернэт хэрэглэдэг 500 орчим хүн байсан гэдэг. Харин өнөөдөр нийслэл төдийгүй хөдөө орон нутагт ч интернетийг өргөн хэрэглэх болжээ. Мэдээллийн эринд бид богино хугацаанд их мэдээллийг олж авахыг илүүд үзэх болсон. Энэ хэрэгцээг хангаж өгдөг нь интернет. Түүний дэлхийг хавтгай болгож, холыг ойртуулж, хоёрыг уулзуулах ид шид нь гайхамшигтай.