Энэ удаад удахгүй ашиглалтад орох гэж байгаа хуучин тоглолтноос ялгахын тулд "аварга" гэж нэрлэсэн шинэ галзуу хулгана тоглоомны эргэн тойрон дахь яриаг хургэж байна.

Энэ яриа Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Паркийн фейсбүүк хуудсанд бичсэн сэтгэгдлээс эхлэлтэй. Сэтгэгдлийн дор хүмүүс өөрсдийн үзэл бодлоо бичиж бие биедээ сануулж мөн зарим нь сахилгагүй ч гэмээр шинэ санаачлагыг гаргажээ. Эдгээрээс хамгийн сонирхолтойг нь түүвэрлэн хүргэе.

 

ПАРКИЙН ФЕЙСБҮҮК ХУУДАСНЫ АДМИН "УУРЛАВ"

 

   Диснейленд шиг үлгэрийн ордон байгуулна гэж хуучин Паркийг хаасан ч үнэндээ тоглоомны үнэ нь л нэмэгдсэн болохоос хуучнаасаа дээрдсэн юмгүй байгааг бүгд мэднэ. Хүмүүс зарим хүн үүнд эгдүүцэж фейсбүүк хуудсанд нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь адмнныг нь уурлуулах шахав. Хэрэг явдал админы бичсэн "Аварга галзуу хулгана наймдугаар сард ашиглалтад орно" гэсэн мэдээллээс эхлэлтэй аж. Үүний хариуд нэгэн эмэгтэй Тоглоомныхоо үнийг аягүй бол 20 мянган төгрөг гэнэ дээ" гэхэд админ хариуд нь "За юу гэж тийм юм байх вэ. Үнийг нь бусад тоглоомныхтой жишигт л тогтооно шүү дээ" гэж уурлах "шахав". Мөн зарим хүн яагаад ийм удаж байж тоглоомоо ашиглалтад оруулахгүй байгааг админаас асуув. Тэгэхэд тэрбээр "Өнгөрсөн зун бороо их орсон учраас ажил хойшилж төлөвлөсөн хугацаандаа  амжаагүй" гэжээ.

 

ГАЛЗУУ ХУЛГАНЫ ТУРШИЛТАД 76 ГИШҮҮНИЙГ СУУЛГАЯ

 

   Хүмүүс галзуу хулганыг найдвартай эсэхэд нэлээд эргэлзэж байсан юм. Зарим хашир нь "Галзуу хулганыг заавал хурдан ашиглалтад оруулах гэж яарад яах вэ. Гол нь угсралтын ажлаа найдвартай, чанартай хийх хэрэгтэй. Хүний амь нас тоглоом биш шүү" гэхэд өөр нэг нь 'Туршилтад нь 76 гишүүнийг суулгавал яасан юм бэ" ч гэсэн санаачлага гаргасан байлаа. Мөн "Хүмүүс ээ, ашиглалтад орохоор нь шууд сууж гэнэдэв ээ. Би л лав суухгүй. Өнгөрсөн жил л гэхэд зарим тоглоом нь эвдэрч, дугуй нь хагарах, гинж нь тасрах зэрэг саатал олон гарч байсан. Харин  энэ тоглоомонд баталгаа байгаа  болов уу. Хэрвээ ашиглалтад  ороод ямар нэгэн саатал гарч  хүн бэртэж, гэмтвэл хэн хариуцах вэ"гэсэн болгоомжлол  ч таарав. Энэ бүгдээс харахад  хүүхдийн паркт босч буй галзуу  хулгана нэртэй баргийн аймхай нэгэнд зохихгүй тоглоом олны  анхааралд хэдийнэ оржээ.