Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРЧИМТЭЙ ШИНЭЧЛЭЛ-ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД” уриан дор энэ сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Уг зөвлөгөөнд аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын орон нутгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Уламжлалт анагаах ухааны төв болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдах ажилтнууд оролцов.

Зөвлөгөөнийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг нээж, “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн ололт, өнөөгийн байдал, Эрчимтэй шинэчлэлийг эхлүүлье” сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн тус зөвлөгөөнөөр нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцсэн бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн зорилт, иргэдийн сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг эмнэлэг бүр нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах зэрэг олон асуудлаар хамтран ярилцаж, уриалга гаргав.

alt

Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга П.Ганхуяг хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Том төрөөс - Ухаалаг төр рүү" илтгэл, мэдээллийг өгч, эмнэлгийн удирдлагуудтай цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар ярилцлаа.

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар салбарын удирдах ажилтнууд, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор зөвлөгөөний сүүлийн өдрүүдэд дараах сургалтуудыг зохион байгуулсан. Үүнд :

 - Эмгэг судлалын үндэсний төвийн дэд захирал, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмгэг судлаач эмч Б.Оюун-Эрдэнэ, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмгэг судлаач эмч Б.Уранчимэг нарыг урин авчирч “Оношийн асуудал ба түүний шийдэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад сум, өрх, хувийн хэвшил, аймгийн болон Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн нийт 92 их эмч хамрагдаж, онош тавих онолын мэдлэгээ дээшлүүлэв.

 Энэхүү сургалтаар эх, хүүхдэд тохиолдох өвчин эмгэгийн клиникийн урьдчилсан онош тавих, оношинд анализ хийснээр эмнэлгийн тусламжийн чанарт дүгнэлт хийх, олон улсын өвчний үхлийн шалтгааныг тогтоосон ангилал нэр томъёогоор илэрхийлсэн анагаах ухааны дүгнэлт, онолын мэдлэгээ сэргээж, клиник сэтгэлгээг хөгжүүлэх сайхан сургалт боллоо гэж эмч нар талархан хүлээж авсан юм.

- Эм зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор Д.Цэндээхүүгийн “Антибиотикийн зохистой хэрэглээ, Жирэмсэн хөхүүл эх, хүүхдийн эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийн стандарт” сэдэвт сургалтад 152 эмч, мэрэгжилтэн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэв. Уг сургалтаар Антибиотикийн зохистой хэрэглээний удирдамж, түүний хэрэгжилт, эмчилгээний алдаанууд, Клиникийн Нэгдсэн 2-р эмнэлгийн туршлагаас, Антибиотик эмийн гаж нөлөөний FDA-гийн ангилал, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, нярай хүүхдэд антибиотик эмийг хэрэглэхэд анхаарах зүйлүүд сэдвээр эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл хийсэн.

alt

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРЧИМТЭЙ ШИНЭЧЛЭЛ-ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөний гуравдахь өдөр Улаанбаатар хотын “НЭГДМЭЛ ДЭЛХИЙ” ОУТББ-ын тэргүүн Д.Гончигдорж Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн хэм хэмжээний дүрмийг биелүүлэх, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, ёс суртахуун, харилцааны соёл, удирдахуйн ухаан, хүнтэй харилцах, ажиллах арга барилыг дээшлүүлэх, Гэр бүлийн ёс зүй, гэр бүлийг бэхжүүлэх хүчин зүйл, стресс түүнээс урьдчилан сэргийлэх талаар сонирхолтой лекцүүдийг уншив. Уг сургалтад төр, хувийн хэвшлийн 191 эмч мэргэжилтэн хамрагдлаа.

Уг зөвлөгөөн нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн үр дүнтэй ажил боллоо гэж оролцогчид хаалтын үйл ажиллагаанд дүгнэв.