Ерөнхий сайдын сайхан эхнэрийн алдаа
2014/11/24
Төрийн өндөр дээд алба хашиж байгаа эрхэмийн гэргий нар ч төрт ёсны уламжлал, түүх соёлоос суралцаж, бие хэрхэн авч явах вэ гээд өөрийгөө цэгнэж явах шаардлага гардаг. Би ингэж сураагүй, чөлөөтэй байна гээд өөрийнхөөрөө байхаар зүтгэх тийм ч зохимжтой биш.
Тэр дундаа төрийн гурван өндөрлөгийн гэргий нараас хариуцлага, бие цэгцтэй авч явах байдал гээд олон зүйлийг шаардана. Үг, үйлдэл бүртээ хянамгай байхаас аргагүй гэсэн үг л дээ.
Учиргүй мундаг байдаггүй юмаа гэхэд алдаа гаргахгүй, эр нөхрийнхөө имижэд хасах оноо авчраад байхгүй, гадаадад айлчлалаар явахад монголчуудын нүүрийг улайлгахгүй байвал болох нь тэр.
Одоогоор төрийн тэргүүн нарын гэргий нараас нэг айхтар ноцтой алдаа гаргасан нь тэр бүр анзаарагддаггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий Х. Болормаа угаасаа даруухан эмэгтэй, мэргэжилдээ шаггүй, өнчин олон хүүхэд асрамжлах ажлаа хийгээд тэр бүр арга хэмжээнд оролцоод ч байдаггүй. Хааяа хааяахан томоохон арга хэмжээнд оролцож, зарим гадаад томилолтод дагаж явдаг. Сүүлийн үед үснийх нь засалт, цулгуй өнгийн дээл нь зохиж донжтой, ихэмсэг харагдах болсон байна лаа.
УИХ-ын дарга З.Энхболдын гэргий Т.Бат-Өлзий Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн боддогын газрын даргаар ажилладаг.
Ц.Нямдорж сайдын үед л тус яамны Мэдээлэл хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан ч түүнийг Х.Тэмүүжин сайд багтаа үлдээсэн.Чадварлаг хуульч бүсгүй ерөнхийдөө эршүүд талдаа. Гоёж гоодох гэхээсээ илүүтэй биенд эвтэйхэн хувцасыг сонгодог нь харагддаг.
Харин Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий аргагүй сайхан бүсгүй. Хувцаслалт, донж гээд өөлөх зүйлгүй. Бас авьяаслаг загвар өмсөгч, чадварлаг бизнесмэн хатагтай. Гоо сайхны чиглэлээр салон нээж, БНСУ-ын эмч нарыг авчирч, гоо сайхны клиникийн эмнэлгийн үйлчилгээ явуулж, бүсгүйчүүдийг хошууруулж буй.
Харин тэрээр төрийн ёс заншил, өрх гэрийн тэргүүнийг хүндэтгэх уламжлал зэргийг мэддэггүй бололтой. Монгол уламжлалаа мэддэг ямарч эмэгтэй нөхрийнхөө дээр нь гарч суудаггүй. Гэрийнхээ хойморт заларч, гэртээ өнгө нэмж, сүр жавхаа нь улам нэмэгддэг гэж бэлэгшээдэг. Тиймээс айлд орсон ч гэргий хүн нөхрийнхөө доор нь суудаг. Гэтэл мисс хатагтай жирийн монгол бүсгүйн мэддэг уламжлалыг анхаардаггүй аж.
Монгол бахархлын өдөр Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордонд төрийн гурван өндөрлөг гэр бүлээ дагуулан ирсэн байлаа. Тэр үед зураг татуулахад Ерөнхийлөгч асан Н.Багабандийн дэргэд, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээд талд суужээ. Хальтхан харахад анзаарамгүй боловч, уламжлалаа мэддэг, дээдэлдэг монголчуудад таагүй сэтгэгдэл төрүүлж байна. Нөхрийнөө толгой дээр суусан хүүхэн байна хэмээн жиргээчид жиргэж байна. Магадгүй гэртээ монгол ёс заншилыг үл тоодог европжсон соёлтой байж болох ч Монгол төрийн Ерөнхий сайдын гэргий гэдгээ мартаж болохгүй.