Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их эвслийн Засгийн газар байгуулахаар хамтран ажиллах саналаа улс төрийн намуудад хүргүүлээд буй.

Гэхдээ түүнийг тамгаа гардахаас өмнө МАН-ыг оролцуулалгүйгээр кабинатынх нь хар зураг гарчихсан. Ямартаа л УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Би сайд болохгүй” хэмээн жиргэв. Түүнийг Засагт урих нь битгий хэл тэргүүн нь тодроогүй байсан үед ийн яаран сандран мэдэгдсэн нь хар зураг хэдийн гарч, албан тушаалууд эзэнтэй болсны илэрхийлэл байлаа. 
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдын “Улс төрийн намуудын дарга нарыг Засагт оруулахгүй” гэсэн мэдэгдэл нь ИЗНН-ынхны доогуурх хүмүүсийг амь оруулж, хөшсөн биеийг хөдөлгөөнд оруулах нь тэр. Хэдийгээр МАН хамтрах эсэхээ энэ баасан гарагт эцэслэх ч үүнээс урьтаж өөрсдийгөө өргөмжилсөн зарим нөхдөд Засагт зай гарахгүйг дуулгая. '


Гэрээ битгий хэл биеэ засаагүй нөхдүүд төрд хуруугаа дүрэхээр дор бүрнээ “хөдөлмөрлөж” байна. Сайдын суудал бол тоглоом биш. Хэн дуртай нь өөрийн хүнээ түлхүүрдэж, баг зүүгээд ард нь суухыг хэлдэггүй юм. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам л гэхэд С.Эрдэнээс хэзээ ч урвахааргүй нөхрийг сайдад тахих гэнэ. Ийм маягаар төрийн албыг төвхнүүлнэ гэдэг юу л бол. Хэдийгээр МАН-ын шийдвэрээс энэ бүх урьдчилсан таамаг тодорхой болох ч өчүүхэн бодлогоор өнгөц халхавч хийвэл энэ засагт ирээдүй бий гэхэд эргэлзэхээс өөр аргагүй.


Цаг нь болоогүй дурлал
Д.Зоригт золигтож эхэллээ, хөөе. Эхнэрийнхээ нэр дээр байдаг “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглосон гэх мэдээлэл нь улс төрийн зорилготой тухай тэрбээр тайлбар хийжээ. Учир нь Их эвслийн Засгийн газарт Сангийн сайдын сэнтийд залрах магадлал чих дэлссэн тул дэгээдэж унагах зорилгоор тийм мэдээлэл цацсан юм байх. Хачин юм шүү. Хуулийн байгууллагынхан тэднийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд гадуур байцааж буй гэх мэдээллийг өгдөг. Харин мань эр энэ бүхнийг үгүйсгэдэг юм. Юутай ч ийм нөхөрт Сангийн авдрын түлхүүрийг атгуулчихвал улсаа бооцоонд тавихгүй гэх баталгаа бий гэж үү. Аль эсвэл өрийн бичгээр халих шахсан авдраа мань хүнээр мануулчихвал ашигтай ч юм уу. Өр нэхээд ирсэн нэгнийг нь буудалдаа дуудаж мөрийтэй тоглоод хожвол хоосон буцаана. Бодох л асуудал. Гэхдээ юуны түрүүнд Лас-Вигас явуулж дадлагжуулж, мэргэжил дээшлүүлье. Тогоон дотроо эргэлдсэн болохоор алдах магадлал өндөр байж мэднэ. Эрсдэл гаргахгүйн тулд ийм алхам хийсэн дээр байх. Харин үүний дараа Сангийн сайдын суудлыг санаж бодох юмгүйгээр түүнд даатгая.


Шантааж
Эвслийнхэн эхний шангаа татлаа. МАН Засагт орвол АН-тай байгуулсан гэрээндээ цэг тавих гэнэ. Энэ бол тэдний эхний шантааж. Хэрэв ах нам хамтрах саналыг хүлээн авбал Шадар сайдын сэнтий тэдэнд оногдохгүй. Ямартаа л энэ суудлыг У.Хүрэлсүх авна гэх зөгнөлийг хаа нэгтгээс чулуудчихсан. Уг нь Н.Энхбаярын даалгавараар Ц.Шаравдоржийг нэрлэсэн юм. Д.Тэрбишдагва, О.Чулуунбат тэргүүтэн экст муухай харагдаж, нүд үзүүрлэгдэх болсон тул үүрд үнэнч мэт зүтгэхээ илэрхийлсэн нөхдийг өөд татах шийдвэр гаргасан нь энэ. Харамсалтай нь, тэдэнд лав л энэ суудал хуваарилагдахгүй бололтой.


Аз сорьсон алхам
Засгийн газрын гал тогоог С.Баярцогт хариуцах гэнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний дотны анд энэ нөхрийн Их эвслийн Засгийн газар байгуулагдахад оруулсан хувь нэмрийг нь ийн үнэлэхээр шийдсэн бололтой. Ам нээх бүртээ л хамтарчихаач, МАН-ыг гуйчихаач хэмээн хэлж, зарим үед намынхандаа адлуулж байсан түүний жаргах цаг иржээ. Гэхдээ Оюутолгойн гэрээг үзэглэж, монголчуудад ашиг биш гарз авчирсан гэж адлуулдаг энэ нөхрийг дэмжинэ гэхэд хэцүү. Гишүүн С.Ганбаатар босч ирээд зандрах вий. Нөгөөтэйгүүр, толгой нь ч, тогоо нь ч Оюутолгойн захиалга гэж хардах хүн цөөнгүй байгаа юм. Иймээс аз сорьсон алхам Их эвсэлд эерэг имижийг бүрдүүлэхгүй л болов уу.


Сохор сонголт
Батлан хамгаалахын сайдад дэдийг нь нэр дэвшүүлэх гэнэ. Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайдаар ажиллаж байсан А.Баттөр МоАХ-ны хүн. Ховдын гаралтай энэ хүнийг Ц.Нямдорж гишүүн нэг нүдээрээ ч үздэггүй гэхэд болно. Учир нь мань хүн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр Бурхан халдунд зугаацаж, бас бус зардлаа төсвөөс гаргуулсаныг гишүүн шүүмжилж, чуулганы танхимд задарч байв.


Гадаад явж галуу шувууны мах идсэн хүн гэхэд хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргийг огтхон ч ойшоодоггүй гэхэд хилсдэхгүй. Нэгэн үе харь нутагт Элчин сайдаар ажиллаж байсан тэрбээр Малайзад амиа алдсан монгол охины талаар жиргэхдээ “Чөлөөт нийгэмд насанд хүрсэн хүн амиа өөрөө авч явж хариуцах ёстой. Хүн бүрийн араас цагдаа тавилтай биш” хэмээн жиргэж олныг алмайруулж билээ. Ийм хүн Батлан хамгаалах салбарынхаа дээд удирдлагыг атгуулах нь ёстой л сохор сонголт буй за.


Х.Тэмүүжингийн нүүдэл мад тавиулах вий
Р.Амаржаргалын Засгийн газарт ажиллахгүй хэмээн мэдэгдсэн Х.Тэмүүжин Их эвсэлд ч багтахгүй. Үүнийг сонссон О.Баасанхүү түүний орыг залгамжлахын тулд чадлаараа “хөдөлмөрлөж” буй. Гэхдээ энэ алба түүнд хурцдана гэж хошигнол улс төрийн хүрээнд өрнөв. Мөн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын нэр цохиж яваа. Харин Х.Тэмүүжин эл суудалдлаа “Нэг ардчилал” фракцийнхаа Б.Пүрэвдоржийг зүтгүүлэх санаатай. Дээр нь Ховдынх тул Төрийн тэргүүний таалалд ч нийцнэ гэж мань хүн таамагласан биз. Гол нь Б.Пүрэвдорж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдоод удалгүй бусдыг зодсон гэх дуулианаар олонд танигдсан нэгэн.


Дээр нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Засгийн газраас банга хүртэж, сахилгын шийтгэл оногдуулж байв. Түүнчлэн “Төрийн албыг хүнд сурталтай болгохоо ярьсан Б.Пүрэвдоржийг Байнгын хороогоор оруулж хариуцлага тооцож арга хэмжээ авах хэрэгтэйг Ж.Батзандан гишүүн онцолж байсан удаатай. Юутай ч хариуцлагагүй нь дэндсэн энэ нөхрийг хууль зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэхэд итгэх хүн олдоно гэдэг өвсөн дотроос зүү хайхтай л адил. Тэгсэн ч Нэг ардчилал фракид өөр хууль ч үзээд өгье гэсэн ч байхгүй тул Х.Тэмүүжингийн сүүлчийн найдвар. Гэхдээ л Д.Дорлигжавт мад тавиулах вий.


Үл мэдэх нөхдүүд
МоАХ-ынхны өмч хэмээгддэг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Б.Батзаяаг түлхүүрдэх гэнэ. Х.Баттулгын гарын хүн гэгддэг түүнийг “Монголын төмөр зам” компанийн захирлаар нь цөөнгүй хүн таних биз. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажлаа хийж чаддаггүй, УИХ дээр дуудахад нь ирдэггүй тул том толгойт гэж хочилж билээ. Ямартаа л ажлаа хийж чаддаггүй энэ нөхрийг авч хаях асуудал ч дэгдэж байсан юм. Үл бүтэх нөхдийн нэг гэх гуншин гишүүдийн амнаас цухалзах нь энүүхэнд. 
Мүүмий шашинтай гэгдэх Б.Насанбаярыг Л.Гантөмөрийн оронд залгамжлах сурагтай. Хэдийгээр хэн нэгнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах хориотой ч сайдын суудалд тэнцэнэ гэхэд нэг л тэнцвэргүй нөхөр.

Л.НИНЖСЭМЖИД