... Түүнийг бусдыг заналхийлсэн, хууль бусаар барилга барьсан хэргээр шалгаж эхэлжээ...

Хотын төвийн аль өнгөтэй, өөдтэй газар өнөө цагт олдохоо больж, үнэ нь тэнгэрт хадсан билээ. Гэтэл чоно борооноор гэгчээр өдгөө Боомтын газрын даргын албыг хашиж буй УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай төрсөн ах Л.Баяндалай, иргэн Д.Дашдондог, Т.Одсүрэн нарын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, бурхантай хөшөөний зүүн талд буюу ХААИС-ийн худгийн хойд талд газрын зөвшөөрөл, барилгын зураг төслийн зөвшөөрөлгүйгээр дөрвөн давхар байшин барьжээ. Иргэдийн гомдлын мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Жаргал, Б.Хашчимэг нар дээрхи барилга дээр очиж шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж байгаа нь тогтоогджээ. Тэд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг тавьсан аж.
   
   Мөн БОНХЯ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Мөнхзаяагийн тавьсан лацыг дур мэдэн хөндөж, барилгын ажлыг цаашид өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Байгаль хамгаалагч нар Мэргэжлийн хяналтын байцаагчийн актын дагуу тухайн барилга дээр ажиллаж байсан хүмүүсийн ажлын багаж хэрэгслийг хурааж авснаар асуудал хурцдаж, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай барилгын талбай дээр ирж байгаль хамгаалагч нарын пүүтикийг барьцаалан булааж авснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэсэгт хэрэг үүсгэн бүртгэж, дээрхи хэрэгт холбогдсон хүмүүсээс мэдүүлэг авчээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай яамнаас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Мөнхзаяа, Богдхан уулын байгаль хамгаалагч нар болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал нарыг утсаар удаа дараа дарамтлан “Ажилгүй болгоно шүү” гэж дарамталжээ.
   
   Өнөөдрийн байдлаар БОНХ-ийн сайд С.Оюун Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт хандаж газар чөлөөлөх тухай албан тоот хүргүүлсэн байна. Гэсэн хэдий ч одоогоор ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч эхлээгүй гэсэн мэдээлэл байна. С.Оюун сайд 2014 оны 10 дугаар сарын 31-нд албан тоот гаргаж, холбогдох байгууллагуудад 11 сарын 03-ны өдөр хүргүүлжээ. 2014 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдөр бямба, ням гариг таарсан бөгөөд ЗЛА-гийн ахлах ажилтан Б.Азжаргал, дэд захирал Т.Сугарсүрэн нар ээлжээр манаанд гарсан ч энэ хугацаанд барилгын ажил үргэлжилсээр байжээ. Энэхүү хэл ам дагуулсан зөвшөөрөлгүй барилгын захиалагч болох экс гишүүн Л.Гүндалай ХААИС-ийн гүний худаг байрлах газарт газар, ус болон цахилгаан ашиглах зөвшөөрөл олгосон гэж мэдүүлсэн байна.
   
   Үүний дагуу БОНХЯ-наас ХААИС-иас тодруулга авчээ. Тэдний хийсэн тайлбарт ХААИС-ийн захирал Т.Хэрүүгагийн хийсэн тайлбарт ямар нэгэн зөвшөөрөл олгосон асуудал байхгүй гэж мэдэгдсэн байна. Анх уг барилга хуучин ТҮЦ буюу тамхи худалдаалах зөвшөөрөлтэй байсан хүнсний дэлгүүрийн суурин дээр урд хэсэгт нь залгаа баригдаж байгаа юм. Уг хүнсний дэлгүүрийн хувьд холбогдох зөв­шөөрөл нь энэ оны тавдугаар сард дуусчээ.
   
   Дээрхи барилгын хэмжээ нь 18:12 метр хэмжээтэй аж. Төрийн алба хашиж буй Л.Гүндалайд адилхан төрийн алба хашиж буй хүмүүсийн аливаа акт, лац зэрэг нь хүүхдийн тоглоом шиг санагдаж, бусдыг дарамтлан заналхийлсэн хэргээр цагдаагийн газарт шалгагдаж байгаа нь түүнийг ямар увайгүй бусармаг нэгэн болохыг тодхон харуулж байна. Харин одоо Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг газар чөлөөлөх захирамж гаргаж, хэрэвзээ энэ­хүү шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн газрыг хүчээр чөлөө­лөх, нураах, эсвэл уг барилгыг улсын хэрэгцээнд авах шийд­вэр гаргах л үлдэж байна. Үүний дараа л Л.Гүндалай хүчтэй юу, Монголын төр хүчтэй юу гэдгийг харах л үлдэж байна