Шинэ зууны эхээр шахуу Улаанбаатарт шинэ төрөх газар барих тухай идэвхтэй ярьж эхлэв. Сайд дарга нар телевизийн камерын өмнө сууж байгаад л баяр баясгалантайгаар ийн ярьж өглөг буяны элч мэт дүр эсгэдэг байв.

Тэр үед мэндэлсэн хүүхэд эдүгээ сургуулийн босгоор хэдийнэ алхаж, хэдэн намрыг үджээ. Харин шинэ төрөх эмнэлэг л баригдсангүй. Гэхдээ энэ асуудлыг ярьсан хэвээр байгаа. Мартаагүй өдий хүртэл ярьж байгаад нь олзуурхмаар. Бас хоёр зуун дамжин яригдаж байгаа тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн төмөр зам, Улаанбаатарын утаа, хог гэхчлэн олон бэлэн сэдэв бий. Мөнөөх мөнхийн сэдэв гэдэг шиг.

Эхлээд итгэдэг байлаа, эцэст нь ярихын тулд ингэж олон жилээр хурааж хуршуулдаг юм болов уу гэж эргэлздэг болсон шүү. Амьдрал юм болсон хойно, хааяа хэр тааруу гахай чирч Эрээн гарах хэрэг болдог. Тэр бүртээ Эрээний өнөөгийн төрхийг 20 хүрэхгүй жилийн өмнөх тэр дүр зурагтай нь харьцуулан боддог. Ингэхдээ атаархдаг, бас хөнгөн гуниг төрдөг. 1990-ээд оны дундуур Эрээнд анх очиж билээ. Хамхуул хөллөсөн шар талын дунд шавар тагз бүхий жижигхэн суурин байсан.

 

Одоо ингэж хэлбэл шинэ үеийн залуучууд итгэхгүй. Хот нь ч, оршин суугчид нь танихгүй болтлоо хөгжжээ. Харин байсан төрхөөрөө үлдсэн ганцхан газар бол манай Замын-Үүд. Тэн хагасаа хүртэл элсэнд даруулсан тэр хэдэн байшин байсан янзаараа. Архи сэнгэнүүлсэн ачигчид, савтай хоол барин вагон тоссон хүүхнүүд гээд хүмүүс нь ч тэр л хэвээрээ. Тэр үед Замын Үүдийн чөлөөт бүсийн тухай яриа бас л чих дэлсч эхэлж байсан үе. Мянга яриад ч "шүншиг" авдаггүй нэг бүтээн байгуулалт бол энэ чөлөөт бүс байгаа юм. Замын-Үүд, Алтанбулаг, Чойр, Ногоон нуурын эдийн засгийн чөлөөт бүс гэхчлэн яригдаж байсан санагдана.

Монголыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал гэж үеэс үе дамжин өвлөгдөж яригдах нэг сайхан үлгэр буй. Бас л баахан судалгаа нотолгоо хийж, цаас цаг гарзадсан байх. Бүсийн тулгуур төв гэж хэд хэдэн аймгийн төвийг хотын түвшинд онцлон хөгжүүлнэ гэж нутаг нугынхныг нь баярлуулан гомдоосон. Нийслэлээ өнөө маргаашгүй тэмээн жинд тэгнэж ачаад Хархорин руу нүүлгэх гэж сандаргаж байсан нь бас л саяхны алиалал. Нээрээ, эргэн санахад энэ юу болсон бэ. Манай улстөрчид марзаганадаг юм уу, аль эсвэл уйддаг ч юм уу энэ мэтээр худлаа ярьж, хулхин дээр сайхан цэцэг ургуулахыг аль тэр гэх вэ. Уг нь бол хийхийн тулд ярьдаг баймаар санагдах юм. Харин бусдын жишиг ямар байдгийг цухасхан сонирхож үзлээ.

...2002 оны зун Хятадын нийслэл олимпийн наадмын эрх аваад байсан үе байлаа. Бизнесийн зөвлөх Филипп Гөдекинг Хятадын Иргэний агаарын тээврийн сайдад Бээжингийн нисэх онгоцны буудлыг олимпийн наадамд зориулж хэрхэн өөрчлөх талаар санал тавих ёстой байсан юм. Герман зөвлөх судалгаа хийж үзээд нисэх онгоцны буудлыг өргөтгөх асуудал харамсалтай нь цаг хугацааны хувьд олимпийн тоглолтоос өмнө амжих боломжгүй байна гэдгээ Хятадын сайдад хэлэхэд сайд хариуд нь инээж, "Бид Германд биш, Хятадад байна шүү дээ. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй, хэрвээ бид нисэх онгоцны шинэ буудал барина л гэсэн шийдвэр гарвал маргааш нь л бариад эхэлнэ" гэж зочноо сургамжилсан гэдэг. Бээжинд нисэх онгоцны буудлыг өргөтгөх төлөвлөгөө, төслийг цогцоор нь боловсруулж, 15 тосгоныг газартай тэгшилж, 10000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн хамгийн томуудад тооцогдох нисэх онгоцны буудлыг Британийн алдарт архитектор Лорд Норман Фостерийн төслөөр дөрвөн жилийн дотор барьж байгуулж олимпийн тоглолтоос хавьгүй өмнө ашиглалтад оруулжээ. Хэлсэн бол хийдгийн жишээ энэ. Улаанбаатарт ганц айлын газрыг чөлөөлөхийн тулд замын ажил бүтэн хоёр жил шахам хугацаагаар саатаж байсан явдал бий.

Дубайд хамгийн өндөр байшин барих хэрэгтэй гэсэн шийдвэр гаргахад л эксковаторууд аль хэдийнэ ажилдаа орсон байдаг тухай хэвлэлээс уншиж байсан санагдана. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1990-ээд оны дундуур нийслэлээ их талын дундах жижигхэн суурин руу нүүлгэж Астана хэмээн нэрлэсэн. Эдүгээ Астана нь хот байгуулалтын шилдэг жишээ, дэлхийн хамгийн сайхан хотын нэгд тооцогдож байна. Холын жишээ татах гээд яах вэ, мэдэх ч үгүй. Харин манай урд хөршийнхөн хийе гэсэн бол хийдэг ард түмэн. Эндээс улс нь хөгждөг, иргэд нь хөлждөг. 1980 оноос хойш Хятадын макро эдийн засаг 1200 хувь өссөн гэх тоо баримт байна. Энэ их өнөр гүрний 1,3 тэрбум хүний амьдралын дундаж түвшин сүүлийн долоон жилд нэг дахин нэмэгджээ.

1990-ээд оны ардчиллын эхний жилүүдээс монголчууд Тавантолгойн тухай сайхан мөрөөдөлд бөмбөрч эхэлсэн. Тэр цагаас хойш бараг 20-иод жил өнгөрчихөж. Нүүрс нь байгаа юу байгаа, гадаад зах зээл нь байгаа юу, байгаа. Юм бүхэн нь бэлэн, халбагадах л дутуу. Гэтэл одоо болтол бид амандаа хийж амталж эхлээгүй байна. Харин ярьсан хэвээрээ л байгаа шүү. Сүүлийн хэдэн жил овоо эрчимжиж, нэгэн үе манайх БНХАУ-д нүүрс экспортлогч орнуудын эхэнд жагсдаг байлаа. Одоо энэ байр сууриа хэдийнэ алдчихсан. Шалтгаан нь мөнөөх төмөр замын асуудал. Урд хөршийнхөн нүүрсийг чинь авъя гэсэн, бас гурав дахь зах зээлд хүргэхэд чинь өөрийн нутаг дээгүүрээ дамжуулан тээвэрлүүлье гэсэн. Тухайлбач, Бээжин Баотао чиглэлийн 833 км урт сүлжээг ашиглан Монголын нүүрсийг Япон, Өмнөд Солонгост хүргэх гэсэн урьдач санал байгаа. Гэтэл манай урд хил рүү тавих 200 гаруйхан км төмөр зам бүтдэггүй. Өргөн нарийн цариг гээд хоёр Засгийн газар дамжин хоёрын хоёр жил маргалдаж байна. Харин энэ хооронд урд хөршийнхөн маань манай төмөр замыг угтуулан 182 тэрбум ам.долларын өртөг бүхий замаа хэдийнэ тавьчихсан, монголчуудын замыг хүлээгээд сууж байгаа гэх мэдээлэл бий. Харамсалтай нь манайхан одоогоор замаа тавих байтугай царигаа ч тогтоогүй сууж байна даа. Бидний хооронд нэг иймэрхүү ялгаа байна. Товчхондоо бол тэд хийдэг, бид ярьдаг гэмээр юм уу даа.

Эх орны эрх ашгийн төлөөх бүтээн байгуулалтыг сонгуулийн шоу болгодог, аль нэг нам өмчилж авах гэдэг, эсвэл худлаа ярьж хошгируулах нь хэм хэмжээ болтлоо нутагшлаа. Энэ сайн юм биш. Одоо ярьдаг бус хийдэг больё хэмээн ширүүхэн эхэлсэн Шинэчлэлийн Засгийн газрын хурд саарч эхлэв үү дээ гэсэн болгоомжлол төрөөд байх боллоо. Мөнөөх гэр хорооллын төлөвлөлөт, Улаанбаатарын утаа, Сайншандын аж үйлдвэрийн паркаас сураг байнауу. Сингапур шиг 4,5 сая хүн амтай жижиг орны элитүүд улсаа сайн зохион байгуулалттай компани шиг удирддаг хэмээн ярилцах юм билээ. Бид тэднээс ч цөөхүүлээ шүү дээ. Гурван сая хүрэхгүй хүнээ атгасан шагай шиг байлгаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байлгах боломж бий.