УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга  Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүний нотолж буйгаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй  холбоотой асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг, УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгүүд  зөвшилцөж чадахгүй байгаа аж. Тодруулбал Ардчилсан нам Шинэ Засгийн газрыг  16 яам, 19 сайдтай байх ёстой гэж үзсэнтэй холбоотой гэнэ. Харин  МАН-ын хувьд одоогийн бүтцээ ерөнхийд нь хадгалахын сацуу Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд нэгтгэх санал гаргажээ.

Мөн тэрээр : "Хэлэлцээрийн үеэр аль нам хэдэн яам авах вэ? Гэх мэтийн зүйл ярих нь утгагүй. АН-ын ажлын хэсгийн ахлагч,  УИХ-ын гишүүн М.Батчимэгийн өмнө нь хэлсэнчилэн УИХ-дахь суудлынхаа тоогоор Засгийн газрын бүтцийг бүрдүүлэх  нь зөв. Үүний дагуу бол  Ардчилсан намд 8, МАН-д 6, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд 2 сайдын суудал ногдоно. ИЗНН-ын хувьд парламентад хоёр л суудалтай бүлэг ч үгүй учраас нэг сайдын суудал ч өгөх боломжгүй” гэв.

УИХ-д Ардчилсан нам 34 суудлыг авсан, энэ нь 7.6 хувь, МАН 26 суудалтай 5.7 хувь, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудалтай 2.4 хувийг бүрдүүлж байгаа аж.


Э.Мягмар