Оюутолгой ордын баяжуулах үйлдвэрт өнөөдөр 17:55 цагт гар гарчээ. Уг гал гагнуураас гарсан аж. Зурган дээрээс харахад их хэмжээний утаа суунаглаж байжээ.

Оюутолгойн орд дахь аюулгүйн харанга, дохио дуугарахгүй байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн дээврээс утсаа суунаглаж байгаа гэнэ. Баяжуулах үйлдвэрийн талаар цухас дурьдвал хагас өөрөө нунтаглах тээрэм болон бөмбөрцөг тээрэм гэсэн хоёр тээрэм байдаг. Хагас өөрөө нунтаглах тээрэм нь өдөрт 50 мянган тонн хүдрийг бутлах хүчин чадлаараа дэлхийд хоёрт бичигддэг юм байна. 11.6 метрийн диаметртэй тээрэм хүдрийг 1.4 см-ын голчтой болтол нь нунтаглаж, дараагийн тээрэмд шилжүүлдэг. Бөмбөрцөг тээрэмд хүдрийг бүрэн нунтаглаж, хөвүүлэн баяжуулах бортого руу шилжүүлдэг аж.

Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзоригоос авсан мэдээллээр Оюутолгой баяжуулах үйлдвэр дээр гарсан галыг шуурхай арга хэмжээ авч, орой 22 цагийн үед хяналтандаа авч бүрэн унтраагаад байна. Галын шалтгааныг тодруулах ажил эхлээд байна. Галын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж мэдээллээ.

Зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр гагнуур хийж байх үед оч үсэрснээс үүдэн гал гарсан ба яаралтай арга хэмжээ авч галыг унтраасан гэж хэллээ.