М.Зоригт: Нам дотроо эв зүйгээ ололцохгүй байгаа үед хамтрах нь зөв гаргалгаа
2014/12/08
УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилцлаа.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өнөөдөр эцэслэн бүрдэх нь. Шинэ Ерөнхий сайд 15 яам, 19 сайдтайгаар ажиллах нь тодорхой болсон. Таны хувьд, өмнөх Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг байсан. Энэ удаагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноос хойш миний харж байгаа хамгийн давуу тал нь УИХ-д гуравны хоёроос дээш ойлголцол, зөвшилцөл хийх үндсэн нөхцөл бүрдэж байна. Өнөөдөр УИХ-д суудалтай намууд суудлынхаа хувь хэмжээгээр Засгийн газарт орж байгаа нь монголчууд тэр, энэ нам гэлтгүй урагшаа харсан томоохон зорилтот хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх суурь бүрдлээ гэж харж байна. Тэгэхээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бий болгохдоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвшилцөлд оролцсон намуудтайгаа харилцан ярилцаж, тохиролцож гаргаж ирж байгаа бүтэц. Бүрэлдэхүүний талаар нэр дэвшиж байгаа сайд нарт миний хувьд хэлээд байх зүйл алга. Учир нь энэ хүмүүс ч мөн намуудын зөвшилцөл, урдаа тавьсан том зорилгуудынхаа төлөө ажиллах бүтэц гэж харж байгаа учраас хэлэх зүйл алга. Дахин хэлэхэд монголчууд улстөржиж, талцахгүй, улс орноо гэсэн шийдвэр гаргах суурь нөхцөл бүрдэж байгаа нь давуу тал юм гэж үзэж байгаа учраас сэтгэл хангалуун байгаа.
-Сайдад нэр дэвшигчдийн дунд “Давхар дээл”-ийг хамгийн их эсэргүүцэж байсан хүн өөрөө “дээл”-ээ давхарлаад орж ирсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Фракцийн зарчмыг баримталсан гэж үзвэл МоАХ фракцид Р.Бурмаа гишүүнээс өөр сайдад нэр дэвших хүн байгаагүй гэж үү?
-Ерөнхий сайдыг ч тэр, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ч тэр хэлэлцэж шийдэхдээ АН анх удаа фракцийн зарчмыг баримталсангүй. Саяхан болсон ҮЗХ, түүнээс хойш хуралдаж байгаа бүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар нээлттэй, ил тод ярилцаж байгаа. Фракцигүй тоглолт хийж байна гэсэн үг. Тиймээс тэр, энэ фракцийн төлөөлөл гэж ярихааргүй болсон гэж ойлгож болно. Р.Бурмаа гишүүний хувьд “Давхар дээл”-ийг хамгийн хүчтэй эсэргүүцдэг хүний нэг мөн. Энэ талаар би өөртэй нь уулзсан. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Давхар дээл”- ийн тухай хуулийг батлуулахын төлөө хамгийн тууштай явдаг нь энэ хүн. Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч удахгүй дахин өргөн барина. Энэ үед уг хуулийг батлуулахын төлөө хамгийн тууштай ажиллах нь Р.Бурмаа гишүүн байх болно. Нэгэнт хууль баталсан тохиолдолд хуулийн хэрэгжилтийг үлгэрлэн манлайлж явах нь ч Р.Бурмаа гишүүн байх болов уу гэж бодож байгаа.
-Намууд сайдад нэр дэвшигчдээ өргөн бариад байна. Эндээс харахад, МАН үндсэн чиг үүргийн хоёр яамнаас бусдад “Дан дээлтэн” оруулж ирснийг сайшаах хүн олон байна. Харин танай намын хувьд бүгдээрээ “Давхар дээл”-тэй хүмүүсийг оруулаад ирчихлээ. Үүнийг АН боловсон хүчний хомсдолтой байна гэж харах уу, эсвэл та өөрөөр тайлбарлах уу?
-Ганц АН гэлтгүй манай улс боловсон хүчний нөөц бололцоо ихтэй. Тиймээс манай намыг боловсон хүчин цөөтэй гэвэл өрөөсгөл болно. Хамгийн гол асуудал нь энэ Засгийн газар мэргэшсэн байхад бүх анхаарлаа хандуулах ёстой. Эдийн засгийн хямралаас гаргах гэж байгаа гэдэг утгаараа мэргэжлийн боловсон хүчнээр яамдаа толгойлуулах нь зүйтэй. Түүнчлэн “Давхар дээл”- гүй хүмүүс засагт байх ёстой гэдэг миний байр суурь одоо ч хэвээрээ. Гэхдээ гол асуудал энэ парламентыг намууд олонхиороо зөвшилцөж шийдсэний үндсэн дээр гаргаж ирж байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн чуулганаар сайд нарын асуудлыг хэлэлцэхэд чухам ямар ажил хийх, ямар бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ гэдгийг нь лавлаж тодруулж, итгэл үнэмшлээ бататгаж авна гэж бодож байна.
-Энэ удаагийн Засгийн газарт Монгол Улсын сайд гэдэг хүн ямар нэгэн яамгүйгээр ажиллана. Энэ орон тоог “Хүнд зориулаад гаргаж ирлээ” гэж шүүмжлэх хүн цөөнгүй бий. Таны хувьд, энэ албан тушаалыг яаж харж байна вэ?
-Энэ албан тушаал дэлхийн цөөнгүй оронд байдаг. Би хувьдаа албан тушаалыг бүр хоёр ч байж болно гэж хардаг. Учир нь Оюутолгой болон “Эрдэнэт”- ийн дайтай томоохон буюу 4-5 төслийг манай улс нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ийм чухал төслүүдийг тусгайлан хариуцуулахаар Монгол Улсын сайдын албан тушаал гаргаж ирж байгаа нь үнэхээр дэмжүүштэй шийдэл. Тэр тусмаа М.Энхсайхан шиг зангарагтай хүнээр энэ албыг хашуулах гэж байгаа нь нүдээ олсон хувилбар гэж харж байна. Ер нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын тавцан дахь бидний үүрэг оролцоо маш их эрчимжиж байгаа. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, дараа жил манай улс маш том хурлыг эх орондоо зохион байгуулах гэж байна. Энэ хуралд бид маш өндөр ач холбогдол өгч ажиллах ёстой. Хурлыг зохион байгуулахад анхаарал хандуулах зорилготой бас нэг Засгийн газрын гишүүн, сайд гаргачихсан бол зүгээр юм болов уу гэж харж байгаа юм.
-Хэдийгээр бүх нам хамтарч байна гэж байгаа ч өргөн бариад буй бүтцээр ИЗНН засагт суудалгүй үлдсэн. Гэхдээ “Энэ намд хоёр ч дэд сайдын суудал өгнө” гэсэн мэдээлэл байна. Ер нь намууд дэд сайдуудыг хэрхэн томилохоор зөвшилцсөн юм бэ?
-Миний ойлгосноор яамдын удирдах бүтцийг харвал сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь нэг талынх байна. Харин дэд сайд нь солбиж орж ирэх юм билээ. Нөгөө талаар Засгийн газрын гишүүнийг УИХ-д авсан суудлынх нь хувиар авч үзэхээр хоёр гишүүнтэй намд сайдын суудал ногдохгүй л байгаа юм билээ. Ер нь энэ Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд оролцоно гэдэг нь заавал сайдын суудал авна гэсэн үг биш шүү дээ. Засгийн газрын үндсэн чиглэлийн ажилд оруулж болно. Чиний хэлдгээр дэд сайдын суудал өгч болно. Мөн яамны бүтцийг хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагаар дамжуулж засгийн ажилд оролцох боломж бас бий. Хамгийн гол нь намын зорилтот хөтөлбөрүүд хэрэгжиж байх нь чухал. ИЗНН БОНХЯ-ны сайдын суудалгүй болсноор Монгол Улс ногоон хөгжлийн бодлогогүй болно, байгаль орчинд ээлтэй бодлогоосоо ухарна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, ИЗНН энэ Засгийн газарт ямар нэгэн байдлаар оролцох бололцоо бүрдэнэ гэж харж байна.
-Парламентад суудалтай намууд хамтарч засгаа байгуулж байгаагийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Бид өмнө нь хамтарч байсан. Гэхдээ өмнөх хамтралыг өнөөдрийнхтэй шууд харьцуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Монгол Улсад бий болсон улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөс тэс ондоо. Монгол Улсын хүндрэлтэй байдал гадна гэхээсээ илүү дотор талдаа байгаа. Дотроо бид эв зүйгээ олж чадахгүй байна. Тийм учраас өнөөдрийн хамтрал бол хамгийн зөв гарц гаргалгаа. Хамтарсан хяналт, үйл ажиллагаатай энэ бүтцэдээ итгэхгүй бол өөр хэнд итгэх юм бэ. Ингэж хамтарснаар хөрөнгө санхүүгийн бололцоо илүү болох нь. Н.Алтанхуягийн Засгийн газар 2015 оны төсвийг өргөн барихдаа дэндүү ядуу байхаар төсөөлж оруулж ирж байсан. Үнэндээ нэг ч сургууль, цэцэрлэг барихгүй, урагшаа харсан хөгжилгүй байсан. Харин одоо шинэ Засгийн газрын оруулж ирэх төсвийн тодотгол илүү бүтээлч, шийдэл гаргасан байх болов уу гэж итгэж байна.
-Төсөв гэснээс энэ оны төсвийг тодотгох хугацаа дуусч байх шиг байна. Тодотгох зайлшгүй шаардлага байгаа гэдэг шүү дээ?
-Энэ оны төсөвт тодотгол хийхгүй бол болохгүй. 2014 оны төсөв мөн л бодит байдлаас зөрүүтэй болчихоод байгаа. Тийм учраас тодотгол хийж, бодит байдалтай нийцүүлэхээс өөр аргагүй. Харин 2015 оны төсөв дээр шинэ Засгийн газар бүтэцтэйгээ уялдуулаад томоохон өөрчлөлтийг хийж таарах байх. Түүнчлэн шийдэх ёстой ч шийдээгүй явсан олон асуудал бий. Энэ бүхэн шинэ Засгийн газрын үед хурдан шийдэгдэх байх гэж харж байна.
-Н.Алтанхуягийн Засгийн газарт МАН-аас гадна танай фракцийн зарим гишүүн сөрөг хүчний байр сууринаас ханддаг байсан. Харин МАН Ч.Сайханбилэгийн танхимд хамтрах шийдвэр гаргахтай зэрэгцээд бие даагчид сөрөг хүчин болохоо илэрхийлсэн. МАН-ын зүгээс “Хамтарлаа гээд дуугаа хориулахгүй” гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр энэ засагт Бие даагчид сөрөг хүчин байж чадах болов уу?
-Бие даагчид бол хариуцлага тооцъё гэхээр “Чихээ огтол” гэдгээс өөр юмгүй улс шүү дээ. Наймаалцлын хүрээнд Төсвийн байнгын хороог Ц.Даваасүрэн гишүүн өнгөрсөн хугацаанд удирдлаа. Хамаг байдаг хөрөнгийг өөрийн тойрогт буюу Хөвсгөлд зарцуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тэд дандаа явцуу эрх ашгаа хэрэгжүүлж ирсэн. Тэгээд популизмаар хөөцөлддөг. Бусад гишүүнийг нь харж байхад зарим нь дүүгээ улсын үйлдвэрийн газрын дарга болгохоос өгсүүлээд улс төрийн наймаа тохиролцоо гэх мэт жижиг юмтай зууралдаж ирсэн. Шинэ Засгийн газар гарч ирснээр ядаж ИНЕГ-ынхан хэвийн үйл ажиллагаа, мэргэжлийн удирдлагатай болоод явах байлгүй дээ. Тэгэхгүй бол наймаа тохиролцоогоор бие даагчдын хамаатан саднаар дүүргэсээр байгаад дууслаа шүү дээ. Намууд засагт хамтарснаар энэ мэт сөрөг үр дагавар арилах бололцоо бүрдэж байгаад баярлаж байна.
-Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийг хэлэлцэх үеэр бие биеийнхээ талаарх баримтуудыг нэлээд сөхөх шинжтэй байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр зарим гишүүн согтуу байсан. “УИХ- ын даргад агсам тавьсан” ч гэх мэдээлэл байна. Мөн ЗГХЭГ-ын даргад нэр дэвшээд байгаа С.Баярцогт руу чиглэсэн дайралт их гарсан. Энэ хүний хувьд Засгийн газрын сайд нарыг даргалах хэр боломжтой хүн гэж та харж байна вэ?
-Манай С.Баярцогт шиг төлөвшсөн УИХ-ын гишүүн олон биш. Тэр тусмаа энэ хүн олон Засгийн газарт ажиллаж байсан. Хэрэг эрхлэх газрыг аваад явчих, цаашлаад Ерөнхий сайдад хамгийн ойрын хань нь байж чадах хүн С.Баярцогтоос өөрийг олж харахгүй байна. Сул тал нь хааяа унтчихдаг энэ тэр гээд бий л дээ. Гэхдээ одоо больсон биз дээ. Оффшор дансны талаар л их яриад байна. Тэр бол эзэмшиж байсан компанитай нь л холбоотой юм билээ. Бид чинь одоо харыг цагаан, цагааныг хар болтол нь ярьж чаддаг болчихсон байна шүү дээ. Үүний л нэг жишээ болсон.
-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногт дөрвөн сая ам.долларын баримтыг “Авлига” гэж тодорхойлон олон нийтэд цацсан нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Хэдийгээр өөрөө энэ талаар албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа ч бүлгийн хуралдаан дээр ярьсан зүйл байдаг юм болов уу?
-Би гадагшаа яваад ирсэн учраас бүлгийн хуралдаандаа сууж амжсангүй. Гэхдээ Х.Тэмүүжинд тийм ноцтой баримт байсан юм бол түүнийгээ сайд байхдаа дэлгэхгүй яасан юм. Сайдын суудлаас буучихаад тийм ноцтой зүйл илрүүлээд, олон нийтэд зарлаад сууж байгаа нь ёстой дэмий байна.
Зочин · 2014/12/09
Zorigtod er itgedeggui hudalch doldignuur buuri suurigui hudalch huuramch hun dee
dorgio · 2014/12/09
ene porn gishuun yun ch olon yum yaridag yumde
oogii · 2014/12/09
ugaasaa uur arga bhgui buh ajil zogschihson ****oor ene bdlaaraa udah yum bol ard irged hetsuudne shdee saidiin suudliin tuluu alaltsaj2 odoo neg golidroldoo oroh gej bh shig bna shde