d0d0d2bb-8649-49b6-9565-44a18eac184e

УИХ-ын гишүүн, электроникийн инженер Р.Бурмаа Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газарт ХАА-н сайдаар ажиллахаар болж байна.
1990-ээд оноос  ардчиллын төлөө зүтгэж, сонгогчдод боловсрол олгох ажилд зүтгэж ирсэн тэрээр экс соцдекүүдтэй ойр байсан. Хэд хэдэн удаа УИХ-д нэр дэвшсэн ч ялж чадаагүй тэрбээр 2012 оны сонгуулийн өмнө АН-ын МоАХ фракцад элссэнээр намын жагсаалтад багтаж,  УИХ-д орж ирсэн билээ.

Сонгуулийн хуулиуд дээр ажиллаж байгаа тэрбээр намынхаа дарга асан Н.Алтанхуяг, түүний Засгийн газарт аранга болж ирсэн. Тиймээс ч түүнийг АН-аас хөөж, УИХ-аас татан дараагийн хүнийг оруулж ирэхээр сүрдүүлэх явдал энэ жил лавтай хоёр ч гарсан.

Эхнийх нь өнгөрсөн хавар Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо УИХ-ын гишүүн Р.Бурмааг ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан. Тэр үед Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах хуулийг батлах талд санал өгсөн нь тийн хөөгдөхөд тулсан хэрэг болсон билээ. Гэвч тухайн үед нь түүнийг хөөхийг АН-ынхан зөвшөөрөөгүй билээ.

Харин энэ намар Р.Бурмаа МоАХ фракцийн болон бусад нөхдийнхөө хамт Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахаар кноп дарсан нь бусад 7 гишүүний хамт АН-аас хөөгдөх хоёр дахь “гавьяа”-гаа байгуулсан хэрэг байлаа. Гэвч АН-ын ҮЗХ ахиад л хөөлгөлгүй аваад үлдсэн.

Аль хавар АН-аас хөөнө гэж байх үед МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулга “Бурмаа хө суучих. Тийм ч амар хөөгдөхгүй шүү…” хэмээн энэ зурагтай жиргэж байж билээ. Тэгвэл энэ удаа ч юун хөөгдөх, харин ч шинэ Засгийн газарт сайд болгож дөнгөлөө.

МоАХ-д, Х.Баттулгад үнэнч хэдэн гишүүний нэг түүнийг гэнэт зүтгүүлээд л ийн сайд болгож байна. Тус яамны сайдын албыг хашиж асан Ш.Түвдэндорж улирах гэж үзсэн төдийгүй мөн л МоАХ фракцийн хүн болох Ерөнхийлөгчийн ХАА-н бодлогын зөвлөх Л.Эрхэмбаярыг тус яамны сайд болно гэж байтал гэнэт Р.Бурмааг гаргаж ирлээ.

Тэгэхээр Х.Баттулга хүмүүсийн бодоод байгаа шиг тийм ч доош орчихоогүй л байгаа аж. Р.Бурмаа ийнхүү сайд боллоо.

Г.Самбаа