“Гоёл-2014” наадмын топ моделиор тодроод байгаа мисс Х.Бадамгэрэл энэхүү бичиглэлийг өөрийн цахим хуудсандаа оруулжээ. Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн хайртай шавь нь гэгдэж байсан тэрбээр багшийнхаа байгуулсан “Азийн модель” агентлагт багагүй хугацаагаар ажиллаж, олон арван шавьтай болсон гэдэг. Улмаар модель бүсгүй маань “Miss Mongolia-2009” наадмын тэргүүн мисс болсныхоо дараа гадаадын томоохон агентлагуудтай хамтарч ажиллан, багшийнхаа итгэлийг дааж “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшсэн.

Гэвч хэдхэн жилийн дараа мисс Х.Бадамгэрэл багшийгаа гадаадад ажлаар явсан хойгуур өөрийн шавь нарыг дагуулан өрх тусгаарлаж одсон түүхтэй. “Andra model” нэртэй өөрийн гэсэн агентлагаа сэмхэн байгуулсан түүний талаар мисс Ч.Содтуяа “Надад юу ч хэлээгүй явахад нь их гайхсан. Уг нь өөрөө агентлаг байгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн бол би тусалж дэмжилгүй яахав. Харин манай гадаад харилцагч нартай “Азийн модель” агентлагийн нэрээр холбогдсон мөртлөө “Andra model” агентлагтай хамтарч ажиллах санал тавьсныг дуулаад багагүй гомдсон. Намайг гадаадаас ирснийг мэдсэн ч ер утсаар яриагүй, уучлалт ч гуйгаагүй” гэж хэвлэлд ярьсан байдаг.

Энэ тухайд мисс Х.Бадамгэрэл ямар нэгэн хийгээгүй ч, топ модель болсныхоо дараа ийнхүү бичжээ. “Би гэдэг хүн эцэг эхээс заяасан Бадамгэрэл гэдэг нэрээ хариуцлагатайгаар авч явахыг хичээдэг билээ. Хүн өөрийн дуртай зүйлдээ үнэхээр л дурлаж, үйлдэл бүртээ анхаарч, хичээл зүтгэл гаргаж ирдэгийг та бид бүгд л мэднэ. Энэ хүртэлх зам мөр минь бүгд алдаагүй гэвэл худлаа. Би алдаж, түүнээсээ суралцаж, зэмлүүлж, магтуулж, доромжлуулж, шүүмжлүүлсээр хүн бүрийн л адил амжилт алдаагаа дүгнэж, өнөөдрийг хүрч маргаашид, бас нөгөөдөрт хүрнэ. Миний Бадамгэрэл байхыг үргэлж сануулж, дэмжиж, шүүмжилж, урам өгч, зоригжуулж, хүндэлж, хайрлаж, зэмлэж, сургаж байдаг хүндэт гэр бүл, хамт олон, найз нөхөд, үзэгчид, фэйсбүүкчид, инстаграмчид, сошиал ертөнцийнхөндөө чин сэтгэлээсээ талархмаар байна. Надад хүлээлгэж буй үүргийг ухамсартайгаар хүлээж, хариуцлагатай бас бүтээлч зүтгэлтэй байж та бүхний надад өгдөг урам, бас шүүмж, итгэлийг цаашид хүндтэйгээр авч явах болно оо. Надад итгэдэгт баярлалаа. Бадамгэрэл миний бие хичээх болно оо” хэмээн тэр мэдэгджээ.

Б.Содон