Завгүй сайдууд төвхнөж амжих нуу
2014/12/10
Улс төрийн эргэн тойрон бүхэлдээ хоёр сар гаруйн хугацаанд Засгийн шинэчлэлийн талаар ярьсаар өнгөрлөө. Н.Алтанхуягийг огцруулж, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох асуудал хэдэн долоо хоног дамнан үргэлжлэн яригдсаар ашгүй нэг юм томилогдоод авсан. Бид хэзээний л нэгнийгээ элдвээр гоочилж яриад сурсан хүмүүс дээ.
Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилсны дараа түүний талаар элдвийг л яриад цуураад эхэлсэн. Одоо нэгэнт томилогдсон хойно юу ч ярих билээ дээ хэмээн бодож түүний Засгийн газарт ажиллах сайд нар ямар хүмүүс байх болдоо гэж нэг хэсэг л таамаг дэвшүүлж элдвийг цуурсан. Харин ч Ч.Сайханбилэг сайдуудаа хурдан томилсон. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Засгийн газар 15 яамтай 19 сайдтай байна гээд УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь ч Ч.Сайханбилэгийн хүслээр болж бүх сайдууд чуулганаар батлагдаж өчигдөр шинэхэн сайдууд маань тамгаа гардан авч ажилдаа шуурхай орсон гэх. Мөн шинэ бүрэлдэхүүнээрээ Шинэчлэлийн Засгийн газар өчигдөр хуралдаад амжсан.
Одоо үлдэж буй бүрэн эрхийн хугацаа болох жил 6 сарын хугацаанд Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд сайдууд улс орны төлөө завгүй байх нээ гэж бодовч тэд нүүдэл суудал, халаа, сэлгээ хийгээд завгүй байгаа бололтой. Ямартай ч төвхнөж дуусталаа улс орны эдийн засгийн хямралын талаар ярихгүй бололтой шүү.
Өөрөөр хэлбэл, Сайдууд томилогдож, ажлаа хүлээн авснаар төрийн ордон, яам, агентлагуудад нүүдэл суудал хийгээд эхэлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт саарал ордны хоёрдугаар давхарт төвхнөж байгаа бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яаманд суурьшихаар болж байна. Албатууд нь хоёр яамнаас өрх тусгаарлаж нүүж ирнэ. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяад дахь Жижиг, дунд үйлдвэрийн газар, сантайгаа, Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг хүнд үйлдвэрийн газрынхан Аж үйлдвэрийн яаманд нүүж ирэн гэнэ.
“Ажлын алба ч үгүй, яам ч үгүй Монгол Улсын сайд байж болдог юм уу” хэмээн шүүмжлүүлж суусан М.Энхсайханыг төвхнүүлэх ажлыг Засгийн газар гардана хийх юм байна. Ерөнхий сайдын хэлснээр бол Засгийн газрын хуралдаанаас ажлын албыг нь баталж өгч, хаана ажил үүргээ гүйцэтгэхийг нь тодруулж өгөх юм. Төвхнүүлэх ажлыг яаралтай шийдэхгүй бол Оюутолгой, Тавантолгой, шинэ төмөр зам зэрэг том төслүүд хойш тавигдах болно. Яагаад гэвэл тэр ажлыг М.Энхсайхан хариуцаж ажиллана.
Энэ мэтчилэн нүүдэл суудал хийсээр хэдэн долоо хоногийг авах бол доо. Ямартай ч халаа сэлгээ бага хийгдэж, нүүдэл суудал хурдан цэгцрээсэй гэж бодож л суухаас.
Г.Мягмарсүх
Зочин · 2014/12/11
ОХУ-н Термок нэрийн 5мм-8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч,дулаан баригчийг ашигласнаар вакум цонхны хөлөрч цантах,усан дусал мөстөх асуудал арилна.Мөн цонх хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2.5-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Олон удаа ашиглаж,хэрэглэдэг.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020