17 дэд сайдын хоёр нь давхар үүрэг гүйцэтгэнэ
Б.Тулга дэд сайдын суудлаа хадгалав


Энэ засаг 17 дэд сайдтай байхаар тогтжээ. Өчигдөр орой Засгийн газар шуурхайлан хуралдаж, 17 дэд сайд, зарим Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Харин 17 дэд сайдын хоёр нь давхар үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэнд тус бүр хоёр дэдтэй байхаар болов. АН-ынхан Эрүүл мэнд, спортын дэд сайдад Төмөртогоогийн Болдбаатарыг нэр дэвшүүлснээс гадна МАХН Эрчим хүчний дэд сайдаа УИХ-д олон суудалтай намдаа бэлэглэсэн юм. Ингэснээр АН-ынхан дөрөв биш зургаан дэд сайдын суудал авч чадлаа. Энэ нь АН-ынхан фракциудынхаа зөрчилдөөнийг намжаах нэг арга болов. 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайдуудаа тодруулсан. Тус нам шинэ хүмүүсээ энэ засагт зүтгүүлсэн нь салбартаа сайн ажиллана гэсэн шалгуур тавьсан хэрэг. Тухайлбал: 

1.Аж үйлдвэрийн дэд сайдад Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ 

2.БСШУ-ны дэд сайдад Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/ 

3. ГХЯ-ны дэд сайдад Н.Оюундарь /БНХАУ-д Монгол Улсаас суугаа Худалдааны төлөөлөгч асан/ 

4.Эрүүл мэнд, спортын дэд сайдад Атармаа /МАСЗХ-ны үүсгэн байгуулагчдын нэг/ 

5.Уул уурхайн дэд сайдад Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/    

6.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад Б.Мөнхбаатар /Нийслэлийн Засаг даргын орлогч асан, БЗД-ийн Засаг дарга асан/ 

7.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг /БЗД-ийн Засаг дарга асан/ нарын нэрсийг гаргасан. 

Харин МАХН-ынхан Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон бол намын дарга Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг  Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайдад нэрийг нь дэвшүүлсэн. Мөн Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулахаар болсон ч МҮАН-тай зөвшилцөж байж эцэслэн шийдэхээр болсон. Нөгөөтэйгүүр сайдын суудалгүй үлдсэн ИЗНН-ынхан нэг дэд сайдын төлөө зүтгэсэн. Тэгсэндээ ч М.Хүрэлсүхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайдад нэр дэвшүүлсэн чадсан. Харин Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг дэд сайдаар томилов. 

1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар Магвансүрэнгийн Хүрэлсүхийг; 
2.Гадаад хэргийн дэд сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг; 
3.Сангийн дэд сайдаар Сүрэнжавын Пүрэвийг; 
4.Хууль зүйн дэд сайдаар Цогоогийн Уугангэрэлийг; 
5.Аж үйлдвэрийн дэд сайдаар Хавдислын Баделханыг; 
6.Батлан хамгаалахын дэд сайдаар Авирмэдийн Баттөрийг; 
7.Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Гочоосүрэнгийн Байгалмааг; 
8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Ядмаагийн Төмөрбаатар, Буяагийн Тулга нарыг; 
9.Зам, тээврийн дэд сайдаар Хабшайн Ержаныг; 
10.Уул уурхайн дэд сайдаар Ганзоригийн Тэмүүлэнг; 
11.Хөдөлмөрийн дэд сайдаар Жамьяндоржийн Батхуягийг; 
12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг; 
13.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Батжаргалын Батзоригийг; 
14.Эрчим хүчний дэд сайдаар Өлзийхутагийн Пүрэвбаатарыг; 
15.Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нарыг тус тус томиллоо.