“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагдалтай иргэдэд нийслэл батлан даалт гаргах, санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон билээ. Ингээд Улаанбаатарын орон сууцны сан дахь 13,5 тэрбум төгрөгөөр урьдчилгаа 30 хувийг батлан даахаар болжээ. Ингээд энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай ярилцлаа.

-Нийслэлийн удирдлагууд Монголын банкны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд хотын захиргаанд биднийг борлуулалтаар нь дэмжээч, төрийн албан хаагчдыг орон сууц худалдан авах чиглэл бариач ээ гэсэн санал тавьсан. Өнгөрсөн есдүгээр сарын 11-12-нд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа газруудаар явж ажил байдалтай нь танилцсан. Тухайн үед төсөл хэрэгжүүлэгчид нэг л зүйлийг онцлон ярьж байсан. Тэд “Ирэх 2015 оны нэгдүгээр улиралд орон сууцаа ашиглалтад оруулж болж байна. Үүнээс та нар авах боломж байна уу. Тэгвэл бидний ажил ахицтай урагшилна” хэмээн ярьж байсан юм.  Үүний дагуу НИТХ-аас ажлын хэсэг гаргаж, энэ ажлын хүрээнд ямар хэлбэр, хувилбараар дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнуудыг бодлогоор дэмжих вэ гэдэг санал дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажилласан. Тэд өнгөрсөн баасан гарагт Монголын банкны холбоотой энэ хувилбаруудаа ярьж, тохиролцоонд хүрч санамж бичиг болгон гарын үсэг зурсан юм. Өчигдөр Монголын банкны холбоо, Монгол банк, БОНХЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран өргөн хүрээнд санамж бичигт гарын үсэг зураад байна.
Улаанбаатар хотын зүгээс урьдчилгаа 30 хувийг нь шийдчих юм бол орон сууцны моргажийн зээлд хамруулах асуудлыг банкуудын холбоо, банкныхан шийдэх бололцоотой байна гэдэг тохиролцоонд хүрсэн гэж ойлгож болно.
-Орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар байгаа вэ?
-Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг “Kesemar marketing association” гэдэг байгууллага гаргаж өгсөн байгаа. Үүнийг Засгийн газрын захиалгаар хийсэн. Энэ жилийн хувьд 40-50 м.кв-тай орон сууцны борлуулалт сайн байгаа. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон 168 айлын орон сууц бүгд борлогдсон. Ингээд үзэхээр ийм хэмжээний орон сууцны эрэлт өндөр борлуулалт сайн байгаа нь харагдаж байлаа. Бид м/кв томтой, өндөр, тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ ямар байгааг онцолж судлаагүй. Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар нийслэлд 204 мянган айлын орон сууц хэрэгтэй. Түүний 65 мянга орчим нь 30 хувиа төлөх чадвартай гэсэн судалгаа гарсан. Мөн 30 хувиа төлж чадах 65 мянган өрхөөс 25-30-аад мянга нь банкны шалгуурыг давах магадлалтай байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс эдгээр иргэдэд зориулсан бодлого, орон сууцны хөтөлбөрийг хот боловсруулан хөрөнгө босгох бүх арга замаа эрэлхийлэн ийм үр дүнд хүрээд явж байна.
-Иргэдэд хэдэн хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэж үзэж байна вэ?
-30 хувийн асуудлыг бид эхний ээлжинд шийдээд явах боломжтой. Үүний гол үндэс нь өнөөдөр бидэнд 2014 оны Улаанбаатар хотын орон сууцны сангийн төсөв дээр 13.5 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгөөр бид өнөөдөр 40 м/кв-тай 270-280 орон сууц худалдаж авна. Тэгвэл манай төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүст тэр 13.5 тэрбум төгрөг л очих юм байна. Энэ хувь дотроо 90 хувийг нь хот даая, 10 хувийг нь байр захиалагч даая гээд явах юм бол энэ тоо 800 орон сууц болно. Энэ мэтчилэн 80-50 хувь гээд явахаар энэ тоо 300-4000 болон өсөх ашигтай тооцоо гарсан. Үүнийг банкныхан эхний ээлжинд авч хэрэгжүүлэх боломжтой хувилбар мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд 30 хувиа шийдэх юм бол 70 хувь дээр нь банкныхан мөнгө өгөөд явна. Байгаа хувилбар дээрээ тооцоо хийгээд үзэхээр хот худалдаж авах юм бол төсөл хэрэгжүүлэгч дээр очих байсан 13.5 тэрбум төгрөг л банктай хамтран ажилласнаар 50-90 тэрбум төгрөг болно гэсэн бодит тооцоог ажлын хэсгийнхэн гаргасан. Төсөл хэрэгжүүлэгчид үүнийг сонсоод энэ зөв алхам байна. Та бүхэн дотооддоо асуудлаа шийдэх меахнизмыг бүрдүүлж өгч байна гэсэн.
-Үнийг хувьд ямар байх уу?
-Бид Буянт-Ухаа-1 хорооллын үнийг жишиг үнэ болгон авч байгаа. Өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид бидэнд 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулж чадна гэсэн байрны дундаж өртгөө нэг м.кв-ын үнийг 1 сая 550 мянгаас-1 сая 600 мянган төгрөг гэж өгсөн. Үүнийг мэдээж удирдлагын  зөвлөл, НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцэн боломжит үнэ гэдгийг эцэслэн шийдвэрлэх байх. 10-аад аж ахуйн нэгжээс үнийн санал авахад дундаж нь ийм байсан.
-Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэдэд зориулсан уу гэсэн асуулт иргэдийн дунд байна л даа?
-Зөвхөн гэр хорооллын иргэдэд зориулсан хөтөлбөр биш. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр эхэлж хийгдэж байгаа.
-Төрийн албан хаагчдад илүү уян хатан нөхцөлтэй өгөх боломжтой гэж ойлгож болох уу?
-Эхний ээлжинд боломжтой иргэд нь төрийн албан хаагчид байгаа. Улаанбаатар хотын системд байгаа нийт 50 мянга орчим төрийн албан хаагчдын дунд бэлэн эргэлт байсан гэсэн үг юм.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг та хэрхэн дүгнэж байна?
-Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил өнгөрсөн жил гаруйн хугацаанд бодит ажил болж хэрэгжиж байна. Одоо үүнд санхүүжилт, борлуулалт, эргэлтийн механизмыг нь шийдэхээр энэ ажил нэлээд хөдлөөд явчихлаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Г.Даша