Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллагууд Олон улсын “Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулсан байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд онол практикийн бага хурал, “Дэвжээ” болон “ТВ караоке” тэмцээнүүдийг зохион явуулжээ.

Зөвлөлдөх уулзалтад урилгаар ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, ОХУ-ын Буриад улсын Хиагт районы Сүрьеэгийн диспансер, Нэгдсэн эмнэлэг, Сувилахуйн сургууль, ЭМШУИС-ийн Дархан-Уул аймагт дахь салбар сургууль, сум тосгодын Эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл зэрэг нийт 80 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцов. 

alt

“Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” сэдэвт зөвлөлдөх уулзалтын онол практикийн бага хурлаар сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд илтгэл хэлэлцүүлж, эхний гурван байрыг шалгаруулан, урамшууллаа.

Мөн “ТВ караоке” тэмцээнд эрүүл мэндийн салбарын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн 8 баг оролцож, авьяас чадвараа сорьсноос Мандал бүсийн баг 1-р байр, МСНЭ-ийн баг 2-р байр, Хөтөл бүсийн баг 3-р байрыг тус тус эзлэв.

alt

Харин “Сувилагчийн алдар” сэдэвт Дэвжээ тэмцээнд 7 баг авхаалж, самбаа, мэдлэг оюунаараа өрсөлдсөн юм. Тэмцээний 1-р байрыг Мандал бүсийн баг эзэлсэн бол МСНЭ-ийн баг 2-р байр, Ерөө бүсийн баг гуравдугаар байрт өнгөллөө.

Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр МСНЭ-ийн баг эхний байрт орж, “Итгэл хамба”-д аялах, Мандал бүсийн баг 2-р байрт орж, “Хамрын хийд”-д, Аймгийн нэгдсэн эмнэлгийн баг 3-р байрт шалгарч “Амарбаясгалант хийд”-д аялах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.