Улстөрийн намууд, төрд итгэх итгэл алдарсан, дарангуйлсан төр бий болчихсон энэ үед нэгэн шинэ нам төрөхөөр дуншиж эхэлжээ.

Цагаан үнэнээр явж чадаж гэмээнэ цаг үеэ олсон байх нь гарцаагүй гэдгийг уншигчдынхаа өмнөөс хэлэх нь зүйн хэрэг биз. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын нөхөд нийлж нам байгуулахаар болжээ. Эдийн засгийн хямралаас илүүтэй төрийн хямрал нүүрлэж, дампуурчихсан энэ цагт энэ мэт эх орончдын бүлэглэл хүчтэй нам байгуулахад болохгүй зүйл алга. Ард түмэн ч бултаараа дэмжих нь гарцаагүй. Ерөнхийдөө ард түмний төрд итгэх итгэл нэгэнт алдарч, өөрт байгаа зүйлээ агсаад босоход ч бэлэн болчихсон шүү дээ.

 

      Шинэ нам байгуулах бүлэглэлийн эрхмүүдийн нэрс өнөөдрийн байдлаар 100 хувь ил болоогүй байна. Бидний олж сонссоноор Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, О.Магнай нар бий. Тэгэхээр энэ дөрвөн эрхэм шинээр үүсч буй намын гол тулгуур гэж хэлж болно. Тиймээс энэ гурван эрхэмтэй гар сэтгэл нийлж байгаа эх оронч түшээд цөөнгүй байгаа нь ойлгомжтой.

 

      Мөн эх сурвалжийн өгүүлснээр шинээр төрж буй нам нь эх орон ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх зорилготой аж. Хамгийн гол нь төрд байгаа энэ олигархи бүлэглэлээс ард түмэнтэйгээ хамтран салах цаг болсныг нэн тэргүүнд сануулах юм байна. Тэгэхээр ард түмэнтэйгаа хамтран тэмцэл хийх нь гарцаагүй. Үүн дээр нэмэгдээд дундаж намаас том МоАХ ар талд нь бий гэхээр энэ нам нэлээд хүчирхэг нам байх нь дамжиггүй. Шинэ намыг дэмжих үнэн худал улстөрчид Төрийн ордноор дүүрэн байгаа ч тэд яг сэтгэл зүтгэл нийлсэн түшээдтэй хамтран ажиллана гэдэг байр суурийг илэрхийлж байгаа аж.

 

      Х.Баттулга өнгөрөгч намар Н.Алтанхуягийн Засгийн газраас саналаараа гарч, зориг шулуудсан нь алсдаа шинэ намын буйр засах гэсэн санаа байхаас хаа зайлхав. С.Ганбаатарын хувьд ч гэсэн бие даан нэр дэвшиж УИХ-д орж ирсэн цагаас хойш эрх баригчид болон бусад улстөрийн хүчнүүдтэй тэмцэл хийж байгаа юм. Түүний хувьд үндэсний өв хөрөнгө болсон стратегийн ач холбогдол бүхий орд газрын төлөө сэтгэл нийлсэн хүмүүстэй нэгдэх нь хамгийн зөв гарц гэж бодсон бололтой. Г.Уянгын хувьд ч мөн ялгаагүй. “Шударга ёс” эвсэлээс УИХ-д орж ирсэн цагаас хойш аанай л олигархиудын эсрэг тэмцэж байгаа цор ганц эмэгтэй гишүүн. Тэгээд ч нам болон эвслийнхээ болох бүтэхгүй зүйлийг ил цагаан шүүмжилж, эвслээс гарах хүртэл арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн нь үүнтэй холбоотой. О.Магнай бол АН-д байгаа залуучуудын дундаас ах нарынхаа өөдөөс ганц дуугардаг нь гэхэд хэтийдэхгүй. Тэ тусмаа сүүлийн үед намынхаа нөхдийг илт шүүмжилж, би бол ард түмний төлөө шударга явах ёсой. Ер нь нам ийм байгаад байвал хэрэг байна уу гэх зэргээр ярих болсон нь ч шинэ төрөх намын үнэр авсных ч байсан болов уу. Зөвхөн дээрх дөрвөн эрхмийг дүгнэж харахад яах аргагүй ард түмэнд хүлээн зөвшөөрдөгсөн кадрууд.

 

      Энэ бүлэглэлийг харвал маш хүчирхэг, ард түмний гэхээр нам болж чадахаар харагдана. УИХ-д нэгэн шинэ бүлэг үүд хаалгаа нээж, айсуй 2016 он хүртэл нүдэлдэхэд тэднийг Засгийн эрх ч тосч уулзахыг үгүйсгэх аргагүй. Үнэндээ ард түмэн ийм л баг бүлэглэл хүсч байгаа учраас тэр шүү дээ. Энэ мэтийг ч шинэ намын нөхдүүд сайтар тооцсон нь мэдээжийн хэрэг. Магадгүй бие даагчдын баг ч ирээд нэгдэх байлгүй. Хамгийн гол нь ард олны сэтгэл өнөөдрийн улстөрийн хүчнүүдээс асар хол явчихсан, цоо шинэ өөр зүйл хүсэмжилж байгаа цаг. Цаг нь ирчихсэн ийм үед боломжийн, ард түмний дунд нэр нь сэвтээгүй тэмцэгч түшээдийг бүгд л уухайлан дэмжих нь гарцаагүй. Ямар сайндаа л ард олон тэмцэл хийх тухай өдөр шөнөгүй ярьж суухав дээ.

 

Н.Дөл