Улс төрийн асуудал Засаг, парламентаас “томорч” бүлэг дотор оров. Угаас нам, төрийн дээр сандайлсан Ардчилсан намын фракцууд байнгын хорооны дарга нарын албан тушаалыг булаалдаж эхэлжээ.

УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул тус намын бүлэг нь дэд даргатай хоёр долоо хонож буй. Дэд дарга С.Одонтуяа нь хоёр удаагийн бүлгийн хуралдаанаар юу хэлэлцсэн тухай мэдээлэл өгсөнгүй. Өчигдөр л гэхэд бүлгийн хурал нь халуухан болсон мэдээлэл байгаа ч ямар ч асуудал шийдэж чадахгүй тарцгаажээ. Үдэш дахин хуралдахаар болсон ч гишүүд нь цуглаагүй гэнэ. Учир нь байнгын хорооны дарга нарын томилгоотой холбоотой аж. УИХ-ын найман байнгын хорооны даргыг энэ долоо хоногт шинээр томилох юм. Засгийн газрыг байгуулах талаар МАН, АН-аас зөвшилцлийн ажлын хэсэг гаргасан ч МАН бүр даам гарч парламентын төвшинд хамтрахаар барьцаа ахиулсан байна. МАН найман байнгын хорооноос гурвыг нь, тэр дундаа  гол байнгын хороодыг авах гэж дайрсан гэнэ. Тодруулбал, Эдийн засгийн, Төрийн байгуулалтын, Хууль зүйн байнгын хороог авахаар УИХ-ын төвшинд байгуулсан ажлын хэсэг дээр тохирчээ. Энэ ажлын хэсгийг АН-аас, бүлгийн дэд дарга С.Одонтуяа ахалж ажиллажээ. Тэрээр өчигдөр бүлгийнхээ гишүүдэд энэ тухай танилцуулсан боловч гишүүд нь авч хэлэлцээгүй бөгөөд бөөн хэрүүл болжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо бол улс төрийн гол тоглолт хийдэг, чухал томилгоонуудыг ярьдаг. Мөн Ерөнхий сайд ажлаа авангуутаа, нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэчихээд Эдийн засгийн байнгын хороогоо МАН-д өгөх нь зохимжгүй гэж АН-ын бүлгийнхэн хүчтэй эсэргүүцсэн байна.

Түүнээс гадна даргагүй байгаа АН-ын бүлгийнхэн шинэ даргаа яаралтай сонгосны дараа байнгын хорооны дарга нарыг томилох ёстой гэж үзэцгээжээ. Хэрэв бүлэг даргагүйгээр байнгын хороодын даргын томилгоог хэлэлцвэл улс төрийн тоглолтод хожигдож МАН-д хамаг чухал хороодыг алдаж магадгүй гэсэн болгоомжлол байна. Мөн өмнө нь АН-ынхан байнгын хороодын дарга нараа фракц бүртээ хуваарилсан бол одоо энэ тухай хөндөхгүй байгаа нь гишүүдийнхээ дургүйцлийг хүргэжээ. Одоогоор АН-ын бүлгээс  “Шонхор”, МҮДН, МоАХ, “Алтан гадас” фракцын төлөөлөл байнгын хороодыг удирдаж буй юм.

Тэгэхээр хамгийн түрүүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар фракцуудынхаа дарга нартай зөвшилцөж байж бүлгийн даргад нэр дэвшүүлэх, цаашлаад байнгын хороодын дарга нарыг зөвшилцөх шаардлагатай гэж олон гишүүн үзсэн гэнэ. Хэрэв ийм зөвшилцлийг намын удирдлагуудын зүгээс фракцын дарга нартай хийхгүй бол бүлгийн хуралдаанд суухгүй гэсэн гишүүд ч олон бий юм. Ийн АН-ын бүлэг, түүн доторх фракцууд албан тушаалын төлөө тэмцэлддэг байдал хурцаджээ. Өмнө нь Д.Эрдэнэбат даргатай бүлэг арай л эмх цэгцтэй, хэдий таарамжгүй, хэрүүлтэй ч асуудлаа шийдчихдэг, хэлэлцсэн асуудлаа олон нийтэд танилцуулдаг байв. Гэтэл энэ удаад хурлаа ч хийж чадахгүй, мэдээллээ ч ил гаргахгүй, гишүүд нь хуралдаа суухгүй, дэд дарга нь ч зангидаж чадахгүйд хүрлээ.

Дашрамд дурдахад, УИХ-ын төвшинд байгуулагдсан зөвшилцлийн ажлын хэсэг Төрийн байгуулалт, Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороог МАН, Өргөдлийн байнгын хороог  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороог АН-ын бүлгийнхэн авахаар тохирчээ. Гэхдээ хуваарилалтыг эцэслээгүй тул аль байнгын хорооны дарга нь хэн байх тухай яригдаагүй гэнэ.

 

М.ГАНЦЭЦЭГ

 "Зууны мэдээ" сонин