Монгол улсын Филармоний “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төслийн хэвлэлийн бага хурал боллоо
2015/01/13
Улсын Филармони 2015 оны нэгдүгээр улирлын үзвэрээ бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү зорилтот төсөл нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээн туурвигчид, уран бүтээлчдийг алдаршуулах, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, монгол хөгжмийн уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээл, хөгжим сонирхогч иргэдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тус төслийн хэвлэлийн бага хурал 01-р сарын 13-нд улсын Филармоний танхимд болсон ба Монгол улсын Филармоний уран сайхны удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, Баянмонгол чуулгын удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, Морин хуурын чуулгын морин хуурч, менежер Ж. Уугантуяа /МУСТА/, Симфони найрал хөгжмийн удирдаач Д.Нямдаш /МУСТА/, туслах найруулагч Б.Эрдэнэ-Оюун, маркетингийн менежер Г.Алтан-Од нар оролцсон юм. Мөн маркетингийн албанаас оюутан сурагчдын өвлийн амралтанд зориулж хөгжим сонирхогч оюутан залуусдаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр тасалбараа худалдаалж байгаа бөгөөд багцын тасалбар худалдан авсан хүмүүст 3-р сарын 27-нд олон улсын театрын баярын өдөр болох СТӨ-нд болох нэгдсэн тоглолтыг үнэгүй үзэх эрхээр урамшуулж байгаа юм.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.philharmonic.mn, Mongolian State Philharmonic/facebook.com, mglphilharmonic/twitter.com цахим хуудас болон 70118012,70148012 дугаарын утаснаас тодруулахаас гадна тасалбарыг 1900-1617, easyticket.mn сайтаас захиалан авч болох юм байна.