Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсүүд ажлаа тайлагналаа
2015/01/18
Өнгөрсөн долоо хоногт дүүргийн Цагдаагийн хэлтсүүд “Цагдаагийн албаны тухай” хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нийт удирдлага, алба хаагч, иргэдийнхээ өмнө 2014 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргийг халуун мөрөөр нь цаг алдалгүй илрүүлэх, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийнхээ хохирлыг нөхөн төлүүлэх, иргэдийнхээ амар амгалан аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар хийсэн ажлаа тайлагналаа.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тайлангийн хуралд дүүргийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна 200 гаруй иргэд хүрэлцэн ирсэн байна. Тус хэлтэс нь арга хэмжээний үеэр тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн 2456 санамж сэрэмжлүүлгийг, ажлын танилцуулгыг гарын авлага хэлбэрээр 50 ширхэгийг тараан өгч, 220 иргэнээс санал асуулга авсан юм. Мөн гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Амар тайван хороо” өдөрлөгийг зохион байгуулж , гэмт хэрэг зөрчил гарч болзошгүй 71 цэгт 142 камер суурилуулснаар гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн тухайгаа танилцууллаа.
Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тайлангийн хурал өнгөрсөн баасан гарагт Монголын хүүхдийн ордонд болж 500 орчим иргэд хүрэлцэн ирсэн юм. Тус хэлтэс нь хариуцсан хороодынхоо охид, эмэгтэйчүүдээс үйлдсэн гэмт хэргийн судалгааг гаргаж, түүний шалтгаан нөхцөлийг олж, тогтоох, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эмэгтэйчүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран уулзалт, өдөрлөгийг зохион байгуулсан байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх, сургууль цэцэрлэгийн харуул, хамгаалалт, сонор сэрэмжийг дээшлүүлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Сургууль, цэцэрлэг-харуул хамгаалалт” арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ.
Цагдаагийн хэлтсүүд дүүргийн нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл бүрт дүн шинжилгээ хийж, нөхцөл байдал хүндэрч буй шалтгааныг судлан анхаарал татсан эмзэг цэгүүдэд, тодорхой цагт урамшуулалт эргүүлийг ажиллуулж хэвшүүлсэн байна.