Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Хээшигийн Ариунбаатар 2015 оны нэгдүгээр сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Х.Ариунбаатар нь 1965 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1983 онд Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ.

Тэрбээр сэтгүүлчийн ажлын гараагаа Хэнтий аймгийн “Урагшаа” сониноос эхэлсэн. “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Үнэн”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонинууд, Bataar.mn сайтад ажиллаж, нийгэм улстөрийн “Парламент” сониныг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж, орчин  цагийн сэтгүүлзүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан, энэ цаг үеийн шилдэг сэтгүүлчдийн нэг байлаа.

Х.Ариунбаатар нь мэргэжлийн өндөр ур чадвартай, бичлэгийн өвөрмөц хэв маягтай, шудрага үнэнийг дээдлэгч, зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж чаддаг, сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэгч, сэтгүүлзүйдээ үнэнч нэгэн байлаа. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2013 онд “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

Талийгаач 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож, “Хан Хэнтийн шинэ дэвшилт хөдөлгөөн”-ий анхны тэргүүнээр нь ажиллан хөдөө орон нутагт ардчиллын буухиаг түүчээлэн дэлгэрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Монголын сэтгүүлзүйн үнэнч цэрэг Хээшигийн Ариунбаатарын ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхнаа төлөөлөн гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаачийн тэнгэрлэг авьяас, ажилч хичээнгүй чанар, цагаан цайлган зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

 Монголын Сэтгүүлчдийн Эвлэл

2015.01.19