Хууль зүйн  сайд Д.Дорлигжавыг энэхүү албан тушаалд томилогдохоор нэр нь яригдаж байх үед түүнийг 4.0 сая долларын авлигийн  хэрэгт  холбогдуулсан мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн.

Үүний дараа энэ асуудлыг АТГ шалгуулахаар Хууль зүйн сайд  Д.Дорлигжав өөрөө  хандсан. АТГ –аас  уг асуудлыг шалгаж үзээд  Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан  гүтгэсэн  байна гэдгийг олж тогтоожээ. Гэхдээ АТГ-ын зүгээс Хууль зүйн сайд Д.Дорлигжавын өргөдлийг шалгаж үзээд хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн гэх  боловч үнэндээ асуудал ингээд дуусчихгүй бололтой. Учир нь энэ хэрэгт гүтгүүлсэн хүн нь өмнө нь Ерөнхий прокуророор ажиллаж байсан, өдгөө Хууль зүйн сайд учраас АТГ энэ асуудлыг  шалгах биш харин   Тагнуулын Ерөнхий газар   татан авч шалгахаар болжээ.

Энэ нь Д.Дорлигжавыг  Хууль зүйн сайдын албан тушаалд томилогдохоор яригдаж байсан  цаг үед тодорхой этгээдүүдийн зүгээс түүнийг 4.0 сая ам доллартай холбогдуулан ийн “гүтгэсэн” нь санамсаргүй хэрэг биш, Д.Дорлигжавыг ямар ч үнээр хамаагүй  Хууль зүйн сайд  болгохгүй байх зорилго агуулж  байсан гэх хардлагын ул мөрөөр  Тагнуулын байгууллага ажиллах шаардлага гарсан болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна.

Мөн зарим эх сурвалжийн  үзэж байгаагаар  АТГ, Цагдаа, Прокурорын байгууллага энэ хэргийг шалгах нь  Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хувьд сонирхолын зөрчил үүсгэж байгаа учраас асуудлыг  зайлшгүй Тагнуулын ерөнхий газар шалгах болсон гэж  ярих юм билээ.

Ямартай ч Хууль зүйн сайдыг гүтгэсэн этгээдийн асуудал ингэсгээд хаагдчихгүй, энэ хэргийн мөрөөр хийгдэх шалгалт  үргэлжлэх нь тодорхой байна.

Ц.Мөнх

Ugluu-logo