Сүүлийн хэдэн өдөр Монгол улсын өрийн хэмжээний талаар их, адаггүй ярьж эхэллээ. Уг нь улсын өр ДНБ-ийн 40 хувьтай тэнцэх ёстой гэж хуулинд заасан байдаг.

Гэтэл эрх баригчид энэ тоог янз бүрээр өөрчилж хэлээд бараг хагас сар болж байна. Ч.Улаан Сангийн сайдынхаа ажлыг хүлээлгэж өгөхдөө Монгол улсын нийт өр ДНБ-ийн 48.9 хувьтай тэнцэж байгаа гэсэн. Бүр МАН-ынхныг энэ талаар тодруулахад 40 гаруй хувьтай байна гэж хариулж байсан удаатай. Гэтэл өнөөдрийн бодит мэдээллээр нийт өрийн хэмжээ ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцчихсэн байна. Засгийн газрын зүгээс олон нийтэд ч ингэж зарлалаа. Үүнээс үзвэл Ч.Улаан ажлаа хүлээлгэж өгснөөс хойшхи хоёрхон сарын хугацаанд Монгол улсын өрийн нийт хэмжээ 10.6 хувиар өссөн болж таарах нь. 

Тэрбээр өчигдөрхөн сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл өгөхдөө “Намайг ажлаа хүлээлгэн өгөхөд өрийн нийт хэмжээ 48.9 хувьтай тэнцэж байсан” гэсэн тайлбарыг хэлж байна. Харин шинэ Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол улсын нийт өр ДНБ-ийн харьцуулсан харьцаагаар өнөөдрийн байдлаар  58.3 хувь буюу 15 их наяд 959 тэрбум төгрөг байна” гэж ярьж сууна. 

Тэгэхээр энэ хоёрын хэн нь худал яриад байна вэ. Ч.Улаан худал хэлээд байна уу эсвэл МАН Засагт хамтарч ажиллаж байгаагийнхаа хувьд өрийн хэмжээг 60 хувь болгохыг наанаа дэмжихгүй болж харагдах гээд ийм шоу хийж байна уу гэдэг нь олны хүний эргэлзээг төрүүлж эхэллээ. 

Учир нь МАН  Засагт орохдоо өрийн хэмжээг нэмүүлэхгүй гээд зарлачихсан. Харин одоо нэмэхээс өөр аргагүй байдалд хүрэнгүүтээ “Улсын өр биднийг мэдээгүй байхад 58.3 хувьд хүрчихсэн байна. Н.Алтанхуягийн Засгийн газар хууль зөрчиж өр нэмж иржээ. Тэгэхээр манай бүлэг өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувьтай тэнцэхийг эсэргүүцэж байна. Харин нэгэнт одоо хүрчихсэн 58.3 хувийг нь дэмжээд явахаас өөр аргагүй” гэсэн зүйлийг ярьж байж мэдэх юм. Учир нь 60, 58.3 хоёрын хооронд ялгаа юу байна. 

Эсвэл хоёр өөр мэдээллийг өгч буй Ж.Эрдэнэбат, Ч.Улаан нар ард түмнийхээ өмнө хоёулаа зэрэгцэж зогсож байгаад үнэн, зөв мэдээллийг өгөх хэрэгтэй болж таарч байх шиг байна. Иргэд ядаж тэндээс  хэн нь үнэн, худал яриад байгааг олж мэдэг. Ч.Улаан худал ярьсан бол улсын өрийн хэмжээгээр тоглосынх нь хариуд хариуцлагыг нь тооцъё. 

Үгүй бол өрийн хэмжээгээр улс орны хэмжээнд нэгдсэн нэг шийдэлтэй болохын тулд энэ хоёрыг нь хоёуланг нь зэрэгцүүлж зогсоож байгаад асууя. Учир нь энэ асуудлаас болж парламентын хэвийн үйл ажиллагаа алдагдаж намууд хоорондоо талцаж хэрэлдэх дээрээ тулаад байна. Ард түмэн ч үнэн зөв мэдээлэлгүй будилж эхлээд байна шүү дээ. 

Т.Хулан